Гишүүнийг тойргийн сонгогчид нь эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, хууль санаачлах эрхийг нь хязгаарлах, өргөсөн тангаргаасаа буцвал эгүүлэн татах зэрэг заалтыг үүнд тусгасан. Үүнтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод өгөх хэрэгтэй. Түүнээс биш гишүүд тойрч суучихаад нэгнийгээ огцруулаад байж болохгүй” гэхэд хуулийн төслийг санаачлагчдын нэг С.Бямбацогт “Гишүүн нь хуралдаа суухгүй, хуулиа дагаж мөрдөхгүй, үүргээ биелүүлэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Мөн гишүүний үүргээ биелүүлж чадахгүй бол сонгогчдын саналд үндэслэн хариуцлага тооцож болно. Харин парламентын тогтвортой байдлыг хангах үүднээс сонгогчдын саналаар эргүүлэн татаж болохгүй гэж хууль санаачлагчид үзсэн” гэв. Д.Лүндээжанцан гишүүн “Сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэн татах гэдэг нь байнга хөндөгддөг санал. Парламентын гишүүн нь нийт ард түмнийг төлөөлдөг учраас зөвхөн сонгогчдын саналд үндэслэж болохгүй. Хариуцлагагүй гишүүнийг сонгогчид нь огцруулах саналыг би хувьдаа дэмжиж байгаа ч Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас болохгүй” гэлээ.

Хуулийн төсөлд “...хувь хүн, хуулийн этгээд нь УИХ-ын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, УИХ гэсэн оноосон нэр ашиглахыг хориглоно” гэж заасныг төслөөс хасах саналыг С.Бямбацогт гишүүн танилцуулсан юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Н.Лувсанжав энэ талаар “УИХ-ын тамга, тэмдгийг ашиглана гэдэг нь хууль бус, харин нэршлийг нь ашиглахыг хориглох гэх найруулгыг өөрчлөх хэрэгтэй” гэв. Улмаар “УИХ, парламент гэсэн нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглох...” гэж найруулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

“ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭЭР ТӨСӨЛД ТУСГАСАН”

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ хуулиар орон нутгийн эрх мэдэл, босоо удирдлагын тогтолцоог сайжруулах боломж байсан ч үүнийгээ ашиглаж чадаагүй гэж үзэж буйгаа Д.Эрдэнэбат гишүүн онцоллоо. Тэрбээр “Орон нутгийн иргэд төлөөллөө сонгож болно гэснээс өөр тодорхой зүйл алга. Засаг захиргааны нэгж ямар байх нь хамаагүй. Тухайн оршин сууж буй иргэдэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах нь л чухал. Орон нутгийн бие даасан байдал, иргэдийн өөрөө удирдах хүчийг сулруулсан гэж үзэж байна. Засаг даргын томил гоонд нөлөөлөх боломж бүрдүүлсэн юм биш үү” гэж тодруулахад Д.Тогтохсүрэн гишүүн “Таны хэлснээс тэс ондоо шүү. Орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэхдээ нэгж тус бүрээр нь чиг үүргийг зааглаж тусгасан. Хоёрдугаарт, санхүү төсөв, өмчтэй холбоотой өөрчлөлт оруулсан. Малын хөлийн, хүн амын орлогын зэрэг татварыг сумд төвлөрүүлэхээр тусгасан. Ингэснээр төсвийн орлого нь дээшилнэ. Гуравдугаарт, орон нутгийн засаглалыг сайжруулахад их анхаарсан. Тухайлбал, багийн даргыг сумын, сумын даргыг аймгийн Засаг дарга нь томилохгүй байхаар тусгасан” гэлээ. Гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хурааж, дээрх хоёр төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боллоо.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай шинэчилсэн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооныхон уг дүгнэлтийг хүлээж авсангүй. Үүнээс гадна УИХ-ын дэгийн тухай болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Цэцийн дүгнэлтийг мөн Хууль зүйн байнгын хорооныхон хэлэлцэж, байр сууриа илэрхийлснийг хүргэе.

Ш.Раднаасэд: -Цэц “бөөрөнхий” дүгнэлт гаргажээ. Цаашид байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд Цэцийн гишүүдийг оролцуулдаг байх зохицуулалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд тусгах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Цэцийн үүрэг нэмэгдсэн учраас үйл ажиллагаанд нь анхаарах шаардлагатай.

Ц.Нямдорж (Хууль зүй, дотоод хэргийн сайд): -Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа  дуусаад удаж байна. Орлох хүнийг нь хурдан томилохгүй бол хууль бус бүрэлдэхүүнээр асуудал шийддэг жишиг тогтох нь.

Х.Нямбаатар (Хууль зүйн байнгын хорооны дарга): -Цэцийн гишүүдтэй холбоотой асуудлаар Улсын дээд шүүхэд бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна гэв. Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. 

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛБАЛ 27-174 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАХ УУ

Дараа нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.

Л.Мөнхбаатар: -Эл төслийг баталж, хэрэгжүүлбэл сонгууль зохион байгуулахад олон бэрхшээл тулгарна. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа хамт хэлэлцээд явах нь зүйтэй. Зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Гэтэл дөрвөөс дээш хүн цуглуулахгүй байхыг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлд тусгажээ. Үүнийг зохицуулах хэрэгтэй.

Х.Нямбаатар: -УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Тиймээс сонгууль зохион байгуулах ажлыг энэ хуулийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар тусгасан.

Ш.Раднаасэд: -Хуулийн төсөлд тусгасан дэглэмийг зөрчиж, өвчин тараах эрсдэл үүсгэвэл иргэнийг 27-147 сая төгрөгөөр торгож, гурван жил хүртэл хугацаагаар хорих юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол сурталчилгаа эхэлсний дараа уулзалт зохион байгуулахыг зөвшөөрсөн. Уулзалтад оролцсон хүн бүрийг барьж, торгох уу?

Х.Нямбаатар: -Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбоотой зохицуулалт, журам, зааврыг Улсын онцгой комиссоос оруулж ирнэ гэв.

Ингээд хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдлын байнгын хороонд шилжүүллээ.

Үүнээс гадна Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүн орон нутагт албан томилолттой яваа тул хэлэлцүүлгийг хойшлуулав. Харин Х.Болорчулуун нарын өргөн мэдүүлсэн Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, НӨАТ-аас чөлөөлөх, Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн барьсан төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боллоо.

“ТООЦООЛОЛГҮЙ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ЗӨРЧИЛ ДАВТАГДСААР БАЙНА”

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. Уг баримт бичигт тусгасан таван бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээний хэрэгжилт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 78 хувьтай гарав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Үндсэн чиглэлийн арга хэмжээг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, салбарын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөсөн боловч зарим арга хэмжээг бодитой тооцоо судалгаанд үндэслээгүйгээс хүрэх түвшнийг тодорхой тусгаагүй байна. Мөн хэрэгжүүлэх боломжтой хугацааг үндэслэл, тооцоололгүй, шалгуур үзүүлэлтийг оновчтой тогтоогоогүй, хэт ерөнхий байдлаар төлөвлөсөн зөрчил жил бүр давтагдсаар байгаа. Баталсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц санхүүжилтийг тооцоо судалгаанд үндэслэн бодитой гаргаж, төлөвлөөгүйгээс эх үүсвэргүй болдог. Ингэснээр төлөвлөсөн арга хэмжээ огт хэрэгжихгүй, эсвэл дутуу хэрэгжүүлж буйг аудитын тайланд тодорхой баримттай тусгасан” гэлээ. Улмаар холбогдох зөвлөмжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 135 арга хэмжээг 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр баталснаас 6.1 тэрбумыг нь зарцуулжээ. Гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талтай хийх гэрээ, хэлцэл удааширснаас зарим арга хэмжээг орхигдуулсан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлт хангалтгүй байгаагийн шалтгаан, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын явцын талаар тодруулж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)