“Гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шууд шалгах ёстой”

Ёс зүйн дэд хороо өчигдөр 77.8 хувийн ирцтэй хуралдаж, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх гэсэн ч холбогдох хүмүүс нь албан томилолттой байсан тул хойшлуулав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм. Энэ удаа гишүүн Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарт холбогдох гомдлыг хэлэлцэх байв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураах гэхэд гишүүн Ө.Энхтүвшин сайдаар ажилладаг гишүүдийн картыг сугалсан нь Ёс зүйн дэд хороонд дуудагдахад хүргэсэн юм. Ө.Энхтүвшин гишүүний энэ үйлдлийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үед үүрэгдсэн байдаг. Харин гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр аягаар ширээ балбаж, “дэггүйтсэн” бөгөөд түүний талаар тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар гомдол мэдүүлсэн аж. Хуралдааны үеэр гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын даргын аман шийдвэрээр аль нэг гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж болохгүй. Мөн тухайн хоёр гишүүнийг дэд хорооны хуралдаанд заавал оролцуулж, тайлбарыг нь сонсох ёстой” гэж байлаа.

Дараа нь зарим гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай гомдлыг хэлэлцэв. Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс тэдний мэдүүлгийг шалгахыг хүсэж, дэд хороонд хандсан байна. Үүний дагуу тэдгээр гишүүнээс холбогдох тайлбарыг нь бичгээр авчээ. Мөн л гурван гишүүнтэй холбоотой гомдлыг тэднийг байлцуулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тэдний хоёр нь гадаадад томилолттой яваа гэнэ. Гишүүдээс тайлбар, мэдээлэл авах, судалгаа хийх ажлыг хариуцаж буй гишүүн нь Г.Тэмүүлэн аж. Ташрамд дурдахад, гишүүн М.Оюунчимэг дээрх мэдээлэлтэй холбоотойгоор шалгуулахаар АТГ-т хандаад буй юм байна.

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдааны талаар “Манай дэд хорооны дүрмийн дагуу холбогдох гишүүдийг байлцуулан асуудлыг нь хэлэлцэх ёстой. Тайлбар хэлэх эрх гишүүдэд бий. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй. Ер нь дэд хорооны гишүүд парламентад олон жил суусан туршлагатай, өндөр ёс зүйтэй хүмүүс байх ёстой. Дэд хорооны гишүүн бүх талаараа үлгэр дуурайл үзүүлдэг байх учиртай. Ядаж л хурлаас хоцордоггүй, тасалдаггүй байхыг шаардана. Нөгөө талаас 1996-2000 оны үед Ёс зүйн дэд хороо харьцангуй идэвхтэй ажиллаж байсан юм билээ. Энэ парламентын үед Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэх гэж найман удаа хурал зарлаад хийж чадаагүй байх жишээтэй. Гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх тухай заалт Авлигын эсрэг хуульд бий. Үүнд гишүүд чигч байр суурь, итгэл үнэмшлээрээ хандах учиртай юм л даа. Өөрөөр хэлбэл, гишүүдийн хөрөнгө, орлогыг манай хороо шалгах нь учир дутагдалтай. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулж, хууль, хяналтын байгууллага нь шууд шалгаж, тогтоодог зохицуулалт үгүйлэгдэж байна. Энэ талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн ч хөндсөн. Үүнийг би зуун хувь дэмжиж байгаа. Шаардлагатай гэвэл би хуулийн төслийг нь санаачилна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)