Гишүүдийн тангаргийн үгэнд “…авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж…” гэдэг үг нэмжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслол боллоо. Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу гишүүний тангаргийг хуралдаан даргалж буй хамгийн ахмад гишүүн эхэлж уншсанаар бусад гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөв.

Үүнээс өмнө хамгийн ахмад гишүүн тангаргийн үгийг уншихад бусад гишүүд дагаж хэлэн, тангараг өргөдөг байсан. Харин энэ удаагийн парламентын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар индэрт гарч, тангараг өргөж, гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулсан байна.

Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн байдаг.

Харин өнөөдөр тангараг өргөж буй гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн уншиж байгаа.

Энэхүү өөрчлөлтийг АТГ-аас санал болгосноор оруулсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)