Гитарын “генерал”

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын удирдаач, СУИС-ийн хүндэт профессор Б.Ганбатыг монгол гитарчдын “генерал” гэж онцолсон минь олон учир шалтгаантай. 20-иод жил гитар хэмээх хөгжмөөр олны сонорыг мялаасан тэрбээр олон сайхан гитарчин бэлтгэсэн, өдгөө ч энэ албандаа зүтгэж буй нэгэн. Нөгөөтээгүүр, манай нэртэй гитарчдын олонх түүнээс номын дуу сонсож, багш, шавь явсан нь гарцаагүй үнэн.

“Жалам хар”, “Дөрвөн настай халиун”, “Дэрэнгийн хар азарга”, “Морин зэрэглээ” зэрэг дууг жааз хөгжмийн хэлбэрээр найруулж, басхүү Монголын урлагт ялангуяа гитар хөгжмийн хөгжилд багагүй шинэчлэл хийсэн түүнтэй “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн тоглолтын өмнө ярилцлаа. Тус чуулгын хагас зууны түүхийн 46 жил Б.Ганбат хэмээх энэ хүнтэй холбоотой. “Баян Монгол” чуулга нийгэм солигдох үед элгээрээ хэвтэн, тарж бутрахдаа тулсан ч дахин сэргэж, уран бүтээлээ хийсээр өнөөдөртэй золгосон нь энэ хүний хөдөлмөр, зүтгэл, гавьяа гэдэгтэй маргах хүн гарахгүй буй за. Тэрбээр 800 гаруй хөгжмийн найруулга хийжээ. Мөн арав гаруй дан хөгжмийн зохиол, хөгжмийн 20 гаруй бүтээлтэй. Үүнээс гадна “Нутгаас бичсэн захиа”, “Ангийн охин чамдаа”, “Эгшиглэ гитар минь” зэрэг түмэн олонд танигдсан 10 гаруй дуутай.

1977-2004 онд Монголд зохион байгуулсан “Анд нөхдийн ая дуу” олон улсын эстрадын дуулаачдын уралдаан, наадмын хөгжмийг “Баян Монгол” чуулга л шууд тоглодог байлаа. 14-20 улсын дуучдыг дагаж, хэдхэн цаг хамт бэлтгэл хийгээд, мэргэжлийн өндөр түвшинд тоглох амаргүй давааг тус чуулгынхан ажрахгүй даваад гардаг байсныг мэдэх хүн өдгөө олон бий. “Баян Монгол” гэж тийм л чадварлаг хамт олон байлаа. Тэр үед энэ хүн чуулгын гитарчин, удирдаач байв. “Намайг Бадамдоржийн Ганбат гэхээсээ илүүтэй “Баян Монгол”-ынх гэдгээр нь хүмүүс андахгүй” хэмээсэн түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Монголын эстрад урлагийн ууган чуулгын нэг “Баян Монгол”-ын 50 жилийн ойн тоглолт энэ сарын 30-нд болно. Чуулгын түүх 52 жилийн өмнө 1967 оноос эхтэй гэдэг юм билээ.

-Уг нь “Баян Монгол” чуулгыг 1967 онд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад, нэг жилийн дараа Польш улсад зургаан сарын хугацаанд бэлтгэл хийж байсан гэж Ухнаа гуай нарын ахмадууд ярьдаг юм. Гэхдээ чуулга байгуулсан гэх албан ёсны тушаал, бичиг баримт нь олдоогүй гэсэн. Тиймээс 1969 оны долдугаар сарын 10-нд МҮОНРТ-ээр уран бүтээлээ анх бичүүлснээр чуулгын эхлэл тавигдсан гэж үздэг. Нэрний хувьд анх “Баян Монгол” биш, Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хорооны дэргэдэх цахилгаан хөгжмийн улсын чуулга гэж байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж гуай эл чуулгыг байгуулсан юм. “Улаан бүч” чуулгыг ч тэр хүн байгуулсан шүү дээ.

“Чингис хаан” хамтлагийн Жаргалсайхан сүүлд нөгөөх баримтыг нь олсон гэж ярьж байна билээ. Тухайн үеийн Радио, телевизийн улсын хорооны дарга С.Жалан-Аажавын гаргасан тушаал байгаа гэсэн. Монголын эстрад урлагийн түүхийн талаар номдоо Жагаа энэ тухай оруулах байх.

1972 оны долдугаар сарын 20-нд Сайд нарын Зөвлөлийн 283 дугаар тогтоолоор Улсын филармони байгуулаад, тус чуулгыг болон “Соёл-Эрдэнэ хамтлагийг мэдэлд нь шилжүүлсэн. Тэр цагаас “Баян Монгол” гэх болсон. Би 1974 оны есдүгээр сарын 20-нд энэ чуулгадаа ирсэн.

-Тухайн үед “Баян Монгол” ямар зэмсгүүдтэй байв. Одоо хэчнээн гишүүнтэй, ямар зэмсэгтэй байна вэ?

-Анх хагас бүрэлдэхүүн буюу тус бүр нэг бүрээ (труба), эвэр бүрээ (тромбон), саксофон, клафиш зэрэгтэй байгуулагдсан бол өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн жааз оркестрын хэмжээнд очсон. Өнөөдөр манай чуулга 18 хөгжимчин, хоёр удирдаачтайгаас гадна дууны инженертэй. Бүрэлдэхүүн маань дан залуучууд, ер нь 20-30 насныхан шүү. “Баян Монгол”-ыг би Монголын урлагийн дээд сургууль гэж хэлэх дуртай. Яагаад гэдгийг хүмүүс мэдэх байх. Манай чуулгаас маш олон алдартай дуучин, хөгжимчин, уран бүтээлч төрж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Галхүү, Оюунчимэг, Бямбадорж, Өлзий-Орших, Цэцэгээ, Рэнцэнханд, Янжиндулам, Уранчимэг, Төмөр, Төмөрбаатар, “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайхан, Насантогтох, Сарантуяа, Ариунаа гээд нэрлэвэл барагдахгүй дээ. Олон ч Гавьяат, алдартан энэ чуулгаас төрсөн. Сүүлийн үед од болсон дуучин, хамтлагийнхан ч сургууль төгсөхдөө манай чуулгатай хамтран уран бүтээл хийж, дипломоо хамгаалдаг байлаа.

“Баян Монгол”-ын төлөө би гал халуун нас, цус юу байдаг юм бүгдийг зориулсан. 1990-ээд онд зах зээлийн давлагаанд чуулга маань хоёр удаа бүдэрсэн. Хөгжимчдийн маань олонх ганзага үүрч, гадаадад ажиллахаар явчихсан. Үлдсэн гурав, дөрвөн хүн нь ч ажлаа хаяад явчихсан учраас Ухнаа даргад хэлж байгаад 1993 онд чуулгаа цоо шинэ бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ингээд овоо сайхан жигдрээд, уран бүтээлээ хийж байтал 1997 онд дахиад л донсолдог байгаа. Соёлын болон Батлан хамгаалахын сайд нарын тушаалын дагуу манай хөгжимчдийг Бүх цэргийн дуу, бүжгийн чуулга руу аваад явчихсан. Би ганцаараа үлдээд, шүүхдэж бөөн юм болж байж уран бүтээлчдээ цалинтай нь, статустай нь эргүүлээд авчихсан. Цалин өндрөөс гадна байртай болгоно, энэ тэр гэсэн гоё амлалтад нь хууртаад явсан хэд маань дуртай буцаж ирсэн. Ухнаа дарга маш сайн мэднэ дээ, бид хоёр тэдгээр уран бүтээлчээ зүгээр ч нэг эргүүлж аваагүй, сүүлийн зургаан сарын цалинг нөхөж олгоод, тогтвор суурьшилтай ажиллахыг сануулж байлаа. “Баян Монгол”-оо гэсэн сэтгэлийнхээ хүчээр ингэж явж ирсэн дээ. Яршиг төвөг гээд орхиод, өөрийн замаар явж болох л байсан. Уран бүтээлч хүнд хийх зүйл мундахгүй, арга олно шүү дээ. Ингэж тарж бутарч байсан талаарх баримтыг “Баян Монгол” чуулгын түүхийн номоос хасаж байгаа сурагтай.

1978 Он

-Аливаа түүхийг хэн дуртай нь засдаг, өөрт тохируулан бичдэг явдал өнөөдөр ч байгаа гэж үү?

-Өөрсдийн хийсэн муухайг арилгах санаа биз. Миний дургүй хүрээд л байгаа. Юу хийснээ мэдэх учраас тэр хүмүүсийн нэрийг дурдахгүй орхиё.

-Та удирдаач, хөгжмийн зохиолчоос гадна гитарчин. Олон залуу таны “гараар орж” гитар тоглодог болсон. “Эгшигт оюу” сургалтаараа гитарын сайхныг үе үеийн хүүхэд, залучуудад мэдрүүлж, таниулан, түгээж буй багш таныг Монголын гитарчдын “генерал” гэхэд уурлах хүн гарахгүй болов уу. Өөрөө тоглоод зогсоогүй хойч үеэ бэлтгэхэд их зүйл хийсэн гэдэг утгаараа шүү дээ.

-Тэгж айхтар генерал энэ тэр гэх нь юу юм бэ. Би Монголын анхны гитарчин биш шүү дээ. Манай үеийнхнээс өмнө Баатарсүх, “Хар” Лхагваа нарын мундаг гитарчин цөөнгүй байсан. “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат маань гаргууд байлаа, энэ хөгжмөөр. Бид Яргайтын голоос төрсөн хоёр гитарчин гэдгээрээ бахархдаг. Сургалтын хувьд гэвэл би 1973 оноос эхлэн тасралтгүй 46 жил гитар зааж байна. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Том” Жагаа 1977 оны шавь минь, мөн “Харанга”-ын Энхманлай, “Өргөө”-ийн Болоож, “Хар чоно”-ын Отгонбаяр гээд нэрлэвэл зөндөө байна. Олон шавь минь Монголын эстрад урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, Гавьяат болсон нь ч цөөнгүй. Орчин цагийн хүүхэд, залуучуудад интернэтээс сурч, өөрийгөө улам хөгжүүлэх том давуу тал байна. Сайн гитарчин хүүхдүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Ер нь бол мэргэжлийн хөгжмийн боловсролтой, түүндээ суурилаад биеэ дайчлан гитар тоглох техник эзэмшсэн хүнийг л би гитарчин гэнэ. Түүнээс биш сонсголоороо сурсан, боломжийн хөгжимддөг гитарчин Монголоор дүүрэн бий дээ. Миний мэдэж байгаагаар сүүлийн үед супер гурван гитарчин залуу гарч байгаа. Нэг нь манай чуулгын гитарчин, миний шавь Хосбаяр. Баатарсүхийн нэрэмжит гитарчдын уралдааны тэргүүн байрын шагналт Бархүү мундаг шүү, “Дэлхийн хэмжээнд хамтлаг байгуулж, тоглоно” гэдэг юм. Мөн л миний шавь.

-Монголд ятга, төгөлдөр хуурын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсний ой гэх зэргээр онцлон тэмдэглэдэг. Гэтэл мэргэжлийн гитарчин бэлтгэсэн талаар тэр бүр дуугардаггүй санагдах юм.

-Би 2004 онд СУИС-ийн хоёр оюутныг дээд мэргэжилтэй гитарчнаар бэлтгэн, төгсгөсөн. Тодруулбал, Түвшинтөгс болон “Fire” хамтлагийн Д.Даваадалай нар бол СУИС-ийн бэлтгэсэн мэргэжлийн гитар хөгжимчин. Гитарчин болох хүсэл, сонирхолтой хүүхэд, залуучууд СУИС-д элсэхгүй болохоор 2004 оноос хойш энэ мэргэжлээр бэлтгэхээ больсон.

-Та алдарт “Жалам хар” бүтээлийг гитар хөгжимд зориулан найруулж, өөрөө анх тоглож, “Нутгаас ирсэн захидал” дууг рок техно жааз хэлбэрээр найруулан тавьжээ. Мөн “Дэрэнгийн хар азарга”, “Морин зэрэглээ”, “Дөрвөн настай халиун” гээд олон дууг ч энэ чиглэлээр найруулсан. Хөгжмийн найруулга хийхэд эрдэм, боловсрол их чухал, хэн хүний чадах ажил биш гэж боддог.

-1976 онд Зөвлөлтийн сургагч багш В.Н.Смагин монгол дуунуудыг жааз хэлбэрээр найруулан, биднээр тоглуулж эхэлсэн. Хэрхэн найруулах талаар ч заасан юм. Цоо шинэ ноотоор тоглож байна гэсэн үг шүү дээ. Тэгээд би “Жалам хар”-ыг фолк жааз хэлбэрээр найруулаад багшид сонсголоо. “Болж байна, өөрөө тогло” гэснийх нь дагуу тайзнаа тоглоход үзэгчид үнэхээр гайхалтай хүлээн авсан. Уучлаарай, өөрийгөө магтах гэсэнгүй, тухайн үед гитарын гоцлолыг дахиулна гэдэг бол ховор үзэгдэл шүү дээ. Дахиулах гэж хүмүүс алга нижигнүүлж, шүгэлдэх нь үнэхээр урам өгдөг байлаа. Тэр үед намайг “Жалам хар” гэж хочилдог болсон. Одоогийнхоор бол од болж явлаа. “Жалам хар”-ын найруулга ардын бүтээлийг жааз оркестортой хослуулсан гэдгээрээ онцлогтой.

Би энд нэг зүйл онцлоход, Багшийн их сургууль бидэнд хөгжмийн боловсролыг төгс эзэмшүүлсэнд үргэлж талархдаг. Сургалт маш сайн байсан шүү. Монголын орчин цагийн хөгжмийн суутнууд болох Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Ц.Чинзориг нар тэр үед нэг дор энэ сургуульд сурсан юм. Тухайн үед бид сургуулийнхаа дэргэд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулаад, тоглож байлаа.

Та түрүүн хэлсэн, хөгжмийн найруулга хийх нь амаргүй ажил гэж. Үнэхээр тийм. Үүнд хөгжмийн өндөр боловсрол чухал. Би нэг зүйл ярья. Бригадаар хөдөөг зорьж, автобусан дотор сэгсчүүлээд явж байтал манай Нандиа (дуучин Нандинцэцэг) нэг дуу найруулаад өг гэлээ. Замдаа бичээд, дараагийн сум хүрэхэд бэлэн болгочихоод өгөхөд “Хөөх, нэг ч хөгжим дуугаргахгүйгээр аранжировк хийчихдэг байна шүү” гэж гайхаж, баярлаж билээ. Тэр найруулгаар орой нь шууд тоглож байлаа. Би гэртээ ч хөгжим хангинуулахгүйгээр найруулгаа биччихдэг, хөршийнхнийхөө чихэнд халгаагүй амар байдаг юм.

-Таны “Жалам хар” найруулгыг шүүмжилж байсан гэдэг.

-“Ардын сайхан дууг хярамцаг шиг сонин болгочихжээ” гэж нэг хүн шүүмжлэхэд харин С.Гончигсумлаа багш “Мундаг бүтээл болжээ” гэж өмөөрсөн гэдэг юм. Манай Сүхээ бид хоёрыг их магтаж, урамшуулдаг байлаа, Гончигоо багш минь. Тэр бол аргагүй л хөгжмийн суут хүн юм. Хөгжмийн урлагийн олон урсгал, төрлийг бүгдийг нь сонсож, ойлгодог, үнэлдэг гайхалтай хүн байсан. Л.Мөрдорж гуай “Морьтой ч болоосой” киноны II ангийн хөгжмийг бичээд, надаар удирдуулан, тоглуулсан. Хөөрхий гар нь чичирдэг болохоор ноотны зарим хэсэг нь гаргагдахгүй. “Энэ соль уу, ля юу” гэхээр “Чи ноот мэднэ биз дээ, засчих” гэнэ. Би юу гэж амьд бурхан болсон хүний зохиол бүтээлийг засах вэ дээ, тийм эрх байхгүй. Тэр кино тэгсгээд таг болсон, яасныг бүү мэд. Нэг удаа Д.Лувсаншарав гуай намайг сураглаад ирдэг юм байна. “Охидын уянга”, “Шөнийн танго”-доо найруулга хийлгэхийг хүссэн. Дуудаад уулзаж болно шүү дээ. Гэтэл өөрөө гүйгээд ирсэн. Тийм л мундаг, хүнийг том, бага гэлгүй харилцдаг хүн байсан юм.

-Г.Бирваа гуай бас таныг зорьж ирсэн гэдэг юм билээ.

-2004 онд “Алтан намар” хөгжмийн наадам үзсэнийхээ дараа Г.Бирваа гуай ирсэн юм. “Дэрэнгийн хар азарга”-ыг чи ёстой ийм болгожээ” гээд эрхий хуруугаа гозойлгоод, “Би чамд баяр хүргэхээр ирлээ” гэж билээ. Ер нь манай урлагийн томчууд ийм л хүнлэг, соёлтой, үлгэр дуурайлтай байсан юм шүү дээ. Тэр наадам булган сүүлтэй байж, он гараад би Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон. Тэр үед би БНАСАУ-д “Хаврын баяр” наадамд оролцчихоод, Монгол руу буцахаар Эрээнээр дамжсан юм. Тэгэхэд хүмүүс баяр хүргэж, сүйд болцгоож байв. “Баян Монгол”-ыг минь хүмүүс тийм л өргөн дэлгэр мэддэг нь үнэхээр бахархалтай.

-Манайд өнөөдөр жаазын ямар төрлүүд голчилж байгаа бол?

-Дэлхийн жааз оркеструудын хэмжээнд тоглох гэж залуучууд маань хийж, бүтээж байна аа. Интернэтээс бичлэгийг нь үзээд, дуурайж тоглож ч байна. Монгол бүтээлүүдээ ч тэр төрлөөр найруулан, тавихаар оролддог. Тэдний хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ уламжлал, шинэчлэл гэдэгт анхаарах учиртай. “Баян Монгол” гэдэг чуулгын хуучны урын сан дахь бүтээлүүдийг сэргээж, шинэчлээсэй гэж хүсдэг. Мөн нэрээ бодсон ч монгол бүтээлээр уран бүтээлийн сангаа баяжуулах ёстой гэж боддог. Уламжлалаа мэдэхгүй, өмнөх уран бүтээлчид юу хийснийг судалж үзэхгүйгээр өөрсдийгөө шинэ зүйл хийж байна гэж бодож болохгүй.

“Баян Монгол” жаазын бүх төрлөөр уран бүтээл хийсэн. Би “Жаазын ертөнц”, “Тропикал жааз” тоглолтыг анх хийж байлаа. Түүнчлэн “Учиртай гурван толгой”, “Сарны аялгуу” жааз мюзикл бичсэн. Тэр болгоны сурталчилгаа, зарлалын хуудас зэргийг эхнэр минь хийсэн, зураач хүн шүү дээ.

Б.Ганбатын эхнэрийг Д.Бямбаа гэдэг. Багшийн сургуулийн оюутан байхдаа 1972 онд танилцсан тэд зургаан сайхан хүүхдийн аав, ээж, найман ач, зээгийн өвөө, эмээ болжээ. Амьдралын явцад тэд ёстой л амь нэгтэй, үзэл бодлоороо ч нэг хүн шиг болсон хос аж. Гэрийн “генерал” Бямбаа гитарын “генерал”-ын “мартсаныг” сануулан бидэнтэй ярилцангаа хоол, цай дэлгэж, тун өөриймсөг хандана. Тэрбээр хэзээний л хоол, цай болдог, зочломтгой, халамжтай хүн гэдгийг хүүхдүүд нь хэлэв. Эднийх ганц хүүтэй. Түүнийг нь монголчууд андахгүй. Учир нь тэрбээр “Арга билэг” хамтлагийн гишүүн юм. Нэг охин нь бас л олны танил. “MN-25 дугаар телевиз”-ийн Мөнхтуулыг “Ам нээвэл” нэвтрүүлгээр нь, дайчин, довтолсон асуултуудаар нь хүмүүс илүүтэй мэддэг юм билээ. Б.Ганбатын зургаан хүүхэд бүгд МУИС төгссөн гэнэ. Хүүхдүүдийнхээ боловсролд ээжийнх нь гүйцэтгэсэн үүрэг их гэдгийг гэрийн эзэн онцлон дурдав.

Б.Ганбатын нэг имиж нь урт үс. 1976 оноос үсээ ургуулж эхэлсэн гэнэ. Тухайн үед өргөн өмд өмсөж, үсээ урт ургуулсан “нөхдийг” нам, эвлэлийнхэн “ад үзнэ”. “Зөндөө л чичлүүлсэн. Бас моодыг ёстой л дэлгэрүүлж явлаа” гэж тэрбээр хуучиллаа.

-Гитарчдаас хэнийг та илүү үнэлж, биширдэг вэ?

-Жими Хендрикс бол агуу. Гитарыг бүрэн эзэмшсэн, дээд зэргийн тоглогч. Тэр бол 1960-аад оны гитарчин. Тэгсэн хэрнээ өнөөдөр түүний хэмжээнд тоглож дийлэх хүн алга.

-Манай рок хамтлаг, дуучид олон улсын уралдаанд орлоо л гэдэг. Жааз хөгжим болон гитараар тийм арга хэмжээнүүдэд оролцох боломж хэр бол?

-Гитарчдын уралдаан гэж байдаггүй юм болов уу. “Баян Монгол” чуулга харин 2000 онд анх удаа олон улсын жааз наадамд оролцож байлаа. ОХУ-ын Новокузнецк хотод болсон тэр наадамд найман улсын 13 хамтлаг өрсөлдсөн. Америк, Итали, Бразил зэрэг орныхны хажууд бид ёстой юу ч биш, шившиг болно, буцъя гэх зэргээр манай ганц, нэг ойворгон нөхөр дуугарч л байсан. Тэгээд хамтлагууд эхнээсээ тоглолоо. Бид юугаар дутах билээ, ээлжиндээ гараад тоглосон чинь үзэгчид, хөгжимчидгүй уулга алдаж, гайхаад сүйд шүү. Бид язгуур урлагаа шигтгэсэн бүтээлтэй очсон юм. Манай саксофоны Сүхээ (Гавьяат жүжигчин Л.Сүхбаатар) битүү амьсгаа хийгээд үзүүлсээн, ёстой. Тэгээд хоёрдугаар байрт шалгарсан.

Ер нь Соёлын яамтай байхад их учиртай байлаа. Одоо бол хоёр, гурван салбар хариуцсан яаманд хавсарчихсан болохоор бодлого нь бараг үгүйтэй адил, хаягдсан. Энэ салбарыг чин сэтгэлээрээ зүтгэдэг хүмүүс л үүрч, авч явж байна гэж хэлнэ.

-Та нэг ярилцлагадаа З.Хангалын шавь гэсэн байсан. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч тэр хүний тухай сайхан дурсамжаасаа хуваалцаач.

-Одоогийн СУИС-ийн байранд өмнө нь Барилгачдын соёлын ордон байлаа. Би 1966 онд V сургуулийн тавдугаар ангид байхдаа гитар сурахаар тэр ордонд очтол нэг их гоё, урт үстэй залуу гитар, бөмбөр тоглож байна аа. Бүр биширч байгаа юм чинь, би. Тэгээд “Гитар тоглож суръя, таны шавь болъё” гээд хэлчихлээ. Гитарын үндсэн дөрвөн барилтыг зураад, энэ дагуу сураад ирээрэй гэсэн. Ингээд хэдэн удаа хичээл заалгаж байтал багш маань цирк рүү шилжсэн. Гитарын “А, Б” үсэг заасан багш минь сүүлд намайг циркийн чуулгатай холбож өгсөн юм. Нэг удаа багш “Би “Морьтон Монгол” бүтээлээ дуусгачихлаа. Эстрадын удирдаач олддоггүй ээ, чи ирээд энийг удирдаад, тоглуулаач” гэсэн. Ингэж “Баян Монгол”, циркийн хооронд нэг хэсэг шогшиж, зэрэг ажилласан. Багш намайг их үнэлдэг байсан. Олон киноны хөгжимдөө намайг оролцуулсанд нь би талархаж явдаг. Надад зориулаад “дипрамп” гэж зүйл бичсэн. Одоо ч надад хадгалаастай байгаа. Юу гэсэн үг болохыг нь багшаас асуухад “Гитарын гоцлол” л гэсэн. Тэр мундаг хүн мэдэж байгаа биз гээд би дахиж асуугаагүй.

-Та 20 гаруй жил удирдаач хийжээ. Ер нь удирдаач хүн ямар байх ёстой вэ?

-Удирдаач бол тухайн хамт олныг зохион байгуулан, удирдагч шүү дээ. Тиймээс зөвхөн ажлаа биш, хүмүүсийнхээ амьдрал ахуй, нийгмийн асуудал нь ямар байгааг мэдэж, анзаарч, анхаарч, судлах учиртай. Яг л нийгмийн ажилтан шиг ажиллах ёстой гэж боддог.

-Таныг чуулгынхаа 20, 30, 40 жилийн ойг “бор зүрхээрээ” болгосон гэж хүмүүс ярьсан. 50 жилийн ойд зориулаад улсаас дэмжлэг байгаа болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Засгийн газраас чуулгын хөгжмийн зэмсгүүдийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг гаргах болсон. Би “Баян Монгол” чуулгаа 46 жилийн турш нэр төртэй авч яваад, хойч үеийн уран бүтээлчдэдээ бүрэн бүтэн хүлээлгэж өгч байгаадаа туйлын их баярлаж, бахархаж байна. “Өнөөдөр” сониноор дамжуулан чуулгын хамт олондоо, шавь нартаа баярын мэнд хүргээд, уран бүтээл нь улам бадран мандахыг хүсье. Та бүхэн минь уламжлалаа дээдэлж, илүү ихийг, шинэ соргогийг бүтээж, түгээгээрэй гэж ерөөе. Мөн энэ чуулгатай холбоотой бүх хүнд баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэх нь “Баян Монгол”-ын удирдаачийн үүрэг гэж бодож байна.

“Баян Монгол” чуулгын түүхэн товчоо болсон Б.Ганбат 1994 оноос эхлэн Улсын циркийн хөгжмийг удирдан тоглуулж байснаас гадна 1996 онд Эрдэнэтэд симфони жааз оркестр байгуулсан хүн юм. Мөн Төмөр замын соёлын ордонд нэг жил ажиллахдаа бүрэн хөтөлбөртэй найман тоглолт хийхийн зэрэгцээ этник жааз хамтлаг байгуулжээ. ЗТХЯ-ны санаачилга, хүсэлтийн дагуу дахин нэг хамтлаг “төрүүлж” мэдэхээр байгаа талаараа ч тэрбээр дуулгав. Төлөвлөснөөр нь бол 20-иод насны шижигнэсэн залуучуудаар багаа бүрдүүлнэ гэсэн. Ийм л арвин амжилт бүтээлээр “Баян Монгол”-ын хагас зуун жилийн ойг угтаж байгаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат “Амьгалаа тасартал чуулгынхаа төлөө зүтгэнэ” хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)