Гинжин: Сонсогчид хоцрогдмол учраас манайхан дэлхийн хөгжлөөс хоцордог

Өгзөг сайхан бол зүс сайхан” дуугаараа олонд танигдсан Гинжин буюу Г.Гарьдтай ярилцлаа.

-Урьд нь алдарт реппер Eaze-e-гээс санаа авч өөртөө Ez loc нэр өгч байсан. Яагаад Гинжин болгочихсон юм бэ?

-Ez loc гэдгийг хүмүүс хатуу хэллэгээр буруу, зөв дуудаад байсан юм. Тэгээд ч гадаад нэртэй байх дэмий гэж бодсон. Би гинж, ээмэг зүүх дуртай учраас л ингээд нэрлэчихсэн.

-Нэлээд олон жилийн өмнөөс хип хоптой “зууралдсан” юм билээ. Юу нь таныг ингэтлээ өөртөө татсан юм бэ?

-Би 2007 оноос үглэж эхэлсэн. Сургуульд байхдаа шинэ жилийн баярын тоглолт, урлагийн үзлэгт орос, монгол хип хоп дуу дуулдаг байлаа. Ингээд бодохоор бүр багаасаа л энэ урсгалд дуртай болсон юм байна. Гэхдээ яг юунд нь татагдсанаа мэдэхгүй. Цаанаасаа л миний бие, сэтгэл үүнийг хүлээн авч, хип хоп дуу сонсохоор бусад хөгжмөөс яалт ч үгүй илүү гоё мэдрэмж авдаг. Тэгээд ч дуу бичүүлэх зэрэгт нэг их мөнгө зараад байдаггүй болохоор шантраагүй.

-Энэ хугацаанд хэчнээн дуу гаргасан бэ. Цомог гаргаж байсан бил үү?

-2010 оны үед 60, 70 дуутай байсан. Одоо 100 давсан байлгүй, түүнээс хойш тоолоогүй юм байна. Ихэнх нь одоо интернэтэд, надад байхгүй. Тэр 100 гаруй “зүйлээс” дуу гэж миний хүлээн зөвшөөрдөг нь 30 орчим. 2008 онд “Мөнгө ол улс, Улаан бандана хот” нэртэй цомог гаргаж байсан. Гэхдээ тухайн үед бүх дуугаа гэртээ хувийн микрофон, төхөөрөмжөөрөө бичиж, өөрөө найруулж байлаа. Надад нэг ч хувь байхгүй. Ер нь би хийснээ нандигнаж чадахгүй байгаа юм байна.

- Реппер Цэцэтэй “Нугас нуурандаа” дуу хийснээс тань хойш хип хоп сонсогчид бага багаар мэддэг болсон. Хамгийн анх ямар дуу гаргаж байсан бэ?

-Анх байрныхаа найзтай “220” дуу хийж байлаа. Үүний дараа хэд хэдэн дуу хийгээд нэг цахим хуудсанд тавьсан юм. Удалгүй Цэцэ олж сонсоод надтай холбогдсон. Ярилцаад үзтэл бид хоёул 220 мянгатад амьдардаг болж таараад, санаа нийлж, хамтарч эхэлсэн.

-Реппер болсноосоо хойш хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байв. Дуугаараа хүмүүст юу хүргэхийг хүсдэг вэ?

-Замын түгжрэлд хажууд зогссон машины жолооч миний дууг сонсож байхтай таарах, ямар нэг арга хэмжээнд оролцоход үзэгчид даган дуулахыг хараад баярладаг. Харин сонсогчдод зөвийг уриалж байсан удаа надад байгаа юм болов уу даа. Эмэгтэй хүний сайхан биеийг магтан дуулдаг учраас дасгал хийж, биеэ хөгжүүлэх хэрэгтэйг охидод дамжуулсан байж болох юм. (Инээв) Би ер нь дуугаараа нэг их юм хүргэхийг зорьдоггүй. Зүгээр л сонсогчийн тухайн үеийн мэдрэмжийг илүү нэмэгдүүлж, орчныг нь бүрдүүлж өгөхийг хүсдэг. Хайрыг хүсэж байгаа нэгэн миний тийм сэдэвтэйг, наргимаар байгаа нь зугаа цэнгэлийн тухай дууг сонсох жишээтэй.

-“Лойчихсон” нэртэй бүлэгтэй юм билээ. Хэзээ, ямар зорилгоор байгуулсан бэ. Яагаад ингэж нэрлэсэн нь сонин санагдаж байна.

-Бусад хамтлаг, бүлгүүд өөрсдөдөө сүржин нэр өгдөг. Тэгээд л “доёолоод”, дүүрсэн тэнэг, хөлдүү гэсэн утгатай нэр өгчихсөн юм аа. 2009 онд ижил зорилго, сонирхолтой залуучууд нэгдээд “Лойчихсон” бүлэг байгуулсан. Одоогоор манай Лил Төөгий, Фла, Янг Тижи бид дөрөв үглэж, Гофа, Тука хоёр бүлгийнхнийхээ клип, дуу бичлэгийг хариуцдаг. Аяыг Санчо, Лил Төөгий хоёр хийдэг. Гурван гишүүн маань гадаадад сурч, Батбилэг “UB comedy night” шоу хийж байна.

-Таны бодлоор хип хоп урсгал ямар шатаар, хэрхэн хөгжиж байна вэ?

-Монгол репперүүд одоо л хөгжиж, гадаадынхнаас дутахааргүй болж байна. Гэхдээ сонсогчид маань хоцрогдмол учраас манай урлагийнхан үргэлж дэлхийн хөгжлөөс хоцордог юм шиг санагддаг. Хэрэв сонсогчид шинэ зүйл хүлээн авахдаа хурдан байсан бол уран бүтээлчид үргэлж шинийг эрэлхийлэх байсан юм. Даанч ихэнх уран бүтээлч сонсогчдоос шүүмжлэл авахаас айж, тэдэнд таалагдахын тулд улиг болсон дуу хийсээр байна даа.

-Олон улсынхаас дутахааргүй хөгжиж байна гэдгээ жаахан дэлгэрүүлэхгүй юу. Та гадаадын уран бүтээлчидтэй хөл нийлүүлэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Үг, ая, сэдэв, хэмнэл, хэв маяг гээд л энгийн зүйлсээрээ ч дутахааргүй байна. Олон улсын репперүүдтэй хөл нийлэхийн тулд сайн сонсож судалж, болохгүй бол дуурайх хэрэгтэй. Манайхан “Тэрийг дуурайж, энийг хуулбарлажээ” гэж их шүүмжилдэг нь буруу зүйл биш. Гэхдээ дуурайж байж тэдэнтэй мөр зэрэгцэнэ. Тэгээд өөрсдөө хөлөө олсон хойноо хүссэн дуугаа хийнэ шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)