Германд ажилладаг монгол эмч эмнэлгүүдэд орчин үеийн ор бэлэглэв

  Монголын нэрийг гадаадад гаргаж яваа чадварлаг эмч нарын нэг бол Н.Баярдэлгэр. Тэрбээр ХБНГУ-ын Баден-Вөсттемберг мужийн Стьютгарт хотын Родиологийн клиникт дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр зургаа дахь жилдээ ажиллаж буй анхны монгол эмч. Эх орондоо ирээд сар хагас болж буй тэрбээр Монголынхоо эрүүл мэндийн салбарт багахан ч болов хувь нэмрээ оруулах үүднээс бүрэн тоноглосон, орчин үеийн, хэвтэн эмчлүүлэх том хүний 20, хүүхдийн гурван орыг улсын эмнэлгүүдэд өчигдөр хандивлалаа. Тодруулбал, ГССҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, III амаржих газар, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр дөрвөн ор бэлэглэв. Үлдсэнийг нь орон нутагт хуваарилахаар болжээ. Нэг ор нь зах зээлийн ханшаар гурван сая гаруй төгрөгийн үнэтэй аж.

Н.Баярдэлгэр “Энэхүү хүмүүнлэгийн ажилд Германы Баден-Вөсттемберг мужийн Монголын академичдийн холбоо, Монгол, Германы хамтарсан “Гүүр” ТББ болон туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье. Зөвхөн хэвтрийн хүмүүст зориулсан эдгээр ор түрэхэд зориулсан дугуй, шургуулгатай, толгой, хөл, их бие нь дээш, доош болдог. Ялангуяа гэмтэж бэртсэн, хагалгааны дараа, эсвэл сэхээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүст маш их хэрэгтэй. Манай эмнэлгүүдэд ор хүрэлцдэггүй, төрөх тасагт л гэхэд нэг орон дээр хоёр ээж хэвтэж байх жишээтэй. Тиймээс нэг хүн ч гэсэн энэ орон дээр тайван эмчлүүлээд, эдгээсэй гэж хүсэж байна” гэж ярив.

О.УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)