Геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэхийг зорино

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Энэ өдөр геологичид Төрийн ордонд баярын хурал зохион байгуулж, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцсэн юм. Хурлыг нээх үеэрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор гүйцэтгэж, чанарыг нь сайжруулах, үндэсний геомэдээллийн нэгдсэн сан байгуулан, цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, бүх төрлийн судалгааны ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц, тэдгээрээс үүсэх мэдээллээр байнга баяжуулан, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх, төрөөс зөвшөөрсөн газар нутагт хайгуул хийх боломжоор хангах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах зэрэг нь томоохон зорилт, сорилт болж байна” гэлээ.

Сонирхуулахад, 1939 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмалын трест байгуулснаар Монгол Улсад Үндэсний геологийн алба бий болсон түүхтэй. Үүнээс хойш геологичдын хөдөлмөрийн үр дүнд 80 орчим төрлийн 1900 гаруй орд, 9500 илрэл, геофизик, геохимийн олон мянган эрдэсжсэн цэг илрүүлж, улсын эрдэнэсийн сан хөмрөгт 2783 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, 60.6 сая тонн зэс, 38.5 тэрбум тонн нүүрсний зэрэг олон ашигт малтмалын нөөц бүртгээд байна.

Бэлтгэсэн: Ц.Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)