Генетик нөөцийг бүхэлд нь хуульчлах хэрэгтэй

Хөдөө аж ахуйн генет

ик нөөцийн олон янз байдал нь хүн төрөлхтний хүнс тэжээлийн үндсэн хэрэгцээг хангахад онцгой ач холбогдолтой. Таримал ургамлын сорт, мал, амьтны үүлдэр, омог, ой болон загасны аж ахуйн бүтээмж, гарц, чанарыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчин, экосистемийг хамгаалах, өвчин, хортон шавжтай тэмцэх гээд өдөр тутам бидний хэрэглэж, ашиглаж буй бүтээгдэхүүнүүдэд генетик нөөцийн дахин давтагдашгүй байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл генетик нөөц гэж юуг хэлдэг, өдгөө манай улс амьтан болон ургамлын эл нөөцөө хэрхэн хамгаалж буй талаар ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мал, аж ахуйн зөвлөх С.Жигжидпүрэв нартай ярилцлаа.

-Генетик нөөцийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татах болсон. Чухам юуг ийн нэрлээд байна вэ. Мөн ургамлын нөөцийн талаар яриач.

Н.Баярсүх:-Биологийн олон янз байдлын тухай конвенцод генетикийн нөөц гэж бодит эсхүл боломжит үнэ цэн бүхий генетикийн материалыг хэлнэ. Харин генетикийн материал гэж ургамал, амьтан, бичил биетний болон удамшлын функционал нэгжийг агуулсан өөр гарлын материал гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл, хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөц гэдэг нь дэлхий дахинд таримал ургамал, мал амьтан, ой, загасны аж ахуйн бүтээмж, чанарыг сайжруулах, байгалийн зэрлэг төрөл зүйлүүдийн эрүүл оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэхэд ашиглаж байгаа түүхий эд, материалыг хэлнэ. Монгол Улсын Үр, сортын тухай хуулийн төсөлд “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөц гэж хүнс, хөдөө аж ахуйн ургамал, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болон генетик материал агуулсан бүх зүйлийг хэлэх бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик материал гэж удамшлын мэдээлэл болох ДНХ, РНХ агуулсан хүнс, хөдөө аж ахуйн ургамал, түүний үр, эд, эс, бусад бүрэлдэхүүн хэсгийг хэлнэ” гэж заасан. Товчоор хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэж байгаа гурил, будаа, ургамлын тос бусад хүнсний бүтээгдэхүүний гол түүхий эд, таримал ургамлын янз бүрийн сорт, хэлбэрүүд бүтээхэд ашигладаг ургамлын эсэд агуулагдаж байгаа генетик материал юм.

-Байгалийн болон таримал ургамлын генетик нөөцийг хэрхэн ашиглаж, яаж хамгаалж байна вэ?

-Генетик нөөцийн боломж асар их, шинжлэх ухаан тэдгээрийн маш өчүүхэн хэсгийг судалж боломж бололцоог нь илрүүлж хэрэглээнд ашиглаж байна.

Таримал ургамлын генетик нөөцөөс гаргасан 80 000 гаруй зүйлийн ургамлыг хүнсэнд ашиглах боломжтой боловч зөвхөн 300 гаруйг л идэвхтэй хэрэглэдэг. Бидний өдөр тутмын хүнсний 90 хувийг зөвхөн 20 гаруй зүйлийн ургамал хангаж байгаагаас үзэхэд ургамлын генетик нөөцөд илрээгүй ямар их нөөц боломж байгааг харж болно.

Японы эрдэмтэд өнгөрсөн зууны дунд үед буудайн шинэ сорт гарган авсан нь ургацыг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Цагаан будааны давжаа хэлбэрийн генийг илрүүлж ашиглах болсон нь Ази, Номхон далайн орнууд төдийгүй дэлхийн цагаан будааны тариалангийн түүхэнд хувьсгал хийж, тухайн үедээ нэг тэрбум гаруй хүнийг өлсгөлөн, ядуурлаас аварсан түүхтэй. Ийм жишээ маш олон. Генетик нөөц бол зөвхөн ургамлаар хязгаарлагдахгүй. Амьтан, бичил биет, мөөгөнд ч бий. Ингээд тус бүрт нь аваад үзвэл үнэхээр арвин нөөцтэй. Түүнээс гадна дэлхийн нэг тэрбум хүн, Ази, Номхон далайн бүсэд 578 сая хүн өлсгөлөн, тэжээлийн дутагдалтай. 2050 онд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрч, Ази тивд 1.1 тэрбум хүн нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг 70 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Ийн өсөж буй хүн амын хүнс, тэжээлийн 80 хувийг генетик нөөцөөс гарган авсан ургацаар, 20 хувийг тариалангийн газрыг өргөтгөх замаар хангана гэж дэлхий нийт үзэж байгаа. Иймд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөц нь хүнсний хангамж аюулгүй байдлын баталгаа болно гэсэн үг.

-Тэгвэл ургамлын генетик нөөцийг хэрхэн хамгаалах вэ?

-Тусгай хамгаалалттай, дархан цаазат, нөөц газар байгуулах замаар генетик нөөцийг оршин байгаа нутагт нь байгалийн өнгө төрхөөр нь хадгалж, хамгаалах боломжтой. Эсвэл тусгай зориулалтын байгууламжууд үрийн болон талбайн генобанкууд, ботаникийн цэцэрлэг байгуулах зэрэг генетик нөөцийг хамгаалах олон арга бий.

Одоогийн байдлаар, Монгол Улсад дархан цаазат 12, байгалийн цогцолбор долоо, байгалийн нөөц 13, байгалийн дурсгалт зургаа гээд тусгай хамгаалалттай 38 газарт байгалийн ургамал, амьтны генетик нөөцийг хамгаалж байна. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд байгалийн ургамлын 120 000 гаруй хатаадас, зарим зүйл ургамлын үрийн цуглуулга бий. Харин Монгол орны хэмжээнд таримал ургамлын генетик нөөцийг амьдаар нь хадгалж байгаа цорын ганц генобанк нь Ургамал, газар тариалангийн хүрээлэн. Энэ генобанканд хүнс, хөдөө аж ахуйн зориулалттай 70 гаруй таримлын 20 500 гаруй сортыг амьдаар хадгалж, судалгаанд ашиглаж байна. Мөн малын бэлчээр, тэжээл, хадлангийн олон наст ургамлын 2000 гаруй дээж бүхий цуглуулга ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд бий.

-Генетик нөөцийн хуулийг баталснаар бүрэн хамгаалж чадах уу?

-Дэлхий дахинд генетик нөөцийг амьдаар маш сайн хадгалж, хойч үедээ үлдээх нь хамгийн чухал зорилт. Монгол Улсад байгаль орчныг хамгаалах, түүн дотроос биологийн олон янз байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо харьцангуй сайн бүрдсэн гэж ойл

годог. Харин эдгээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхдээ муу. Засгийн газар 1996 онд “Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр” баталж, улмаар байгалийн ургамлын генетик нөөцийг хамгаалах, ашиглах асуудлыг зохицуулсан хэд хэдэн хууль гаргасан. Тухайлбал, Монгол орны байгалийн ургамлын тухай, Ойн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө”, “Тусгай хамгаалалттай газруудыг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсын улаан ном”, “Монгол орны ховор ба ашигт ургамлыг хамгаалах” тухай тогтоол болон бусад хууль эрх зүйн баримт бичиг бий. 

Гэвч хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг хамгаалах, судлах, шинэ таримал сортууд бүтээхэд ашиглах, генетик нөөцийг солилцох, импортлох, ашиг хуваарилах зэрэг бүх харилцааг тусгайд нь зохицуулсан Үр, сортын тухай хуулийн ганц заалтыг эс тооцвол одоогоор байхгүй. Гэхдээ генетик нөөцийг хамгаална гэдэг нь хав дараад харамлаад бай гэсэн үг биш. Генетик нөөц бол оршин тогтнох нөхцөлийг сайн бүрдүүлэхэд өсөж үржин, үр ашгаа өгдөг нөөц учраас түүнийг хамгаалахын зэрэгцээ, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдийг ашиглаж хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн болон бусад салбарт өргөнөөр ашиглах, улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжтой салбар юм шүү дээ. Нөгөө талаар, бидэнд бас генетик нөөц маш их дутагдалтай. Иймд дэлхийн хаанаас ямар генетик материалыг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээний хүрээнд Монгол Улсад авчран, улс орныхоо эдийн засаг, бизнес, шинжлэх ухааны салбарт ашиглах боломжит гарцуудыг нээж судлах эрх зүйн орчныг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай.

-Энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин манай улсад хангалттай бий юү?

-Монгол Улсад тусгай хамгаалалттай 38 газар, ШУА-ийн харьяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд байгалийн ургамлын 120 000 гаруй хатаадас, зарим зүйл ургамлын үрийн цуглуулга, Ботаникийн цэцэрлэг ажилладаг. Таримал ургамлын генетик нөөцийн хувьд Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнд хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн үрийн цуглуулгыг хадгалж, судалж байна. Харамсалтай нь, эдгээр эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллага ургамлын генетик нөөцийг амьдаар хадгалах, судалж ашиглахад шаардлагатай судалгааны лаборатори, тоног төхөөрөмжийн нөхцөл, хүчин чадал муу төдийгүй боловсон хүчний хангамж, төсөв хүрэлцээгүй. Мөн ургамлын генетик нөөцийг хамгаалах, судалж ашиглах асуудалд хэдхэн судлаач санаа тавьж урагш алхахыг хичээсээр олон жилийн нүүр үзлээ. Төрөөс эрх зүйн ямар нэг зохицуулалт, дэмжлэггүй болохоор энэ ажил урагшлахгүй байгаа.

-Иргэдийн дунд гадаадын улс оронд генетик нөөцөө алдах нь ихэссэн гэх ойлголт бий болсон. Үүнтэй хэр санал нийлдэг бол?

-Монголчуудад өнөөдрийг хүртэл биологи, эдийн засгийн хувьд ямар үнэ цэнтэй генетик нөөц байгаа талаар тодорхой судалгаа, мэдээлэл маш дутмаг. Мөн байгалийн ургамал, амьтны ховор материалыг их хэмжээгээр зүгээр л үйлдвэрлэлийн зориулалтаар гадагш гаргаж байгаа жишээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсаар байна. Эдгээр материалтай хамт ямар үнэ цэнтэй генетикийн нөөц хаашаа гараад байгааг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Хамгийн чухал нь ямар генетик нөөц Монгол Улсад байгаа, тэдгээрийг хаана, хэн хэрхэн хадгалж, судалж, ашиглаж байгаа болон ямар нөөцийг нь гадаадын ямар иргэн, байгууллага авч судалж байгааг хянах боломжтой тогтолцоог хуульчилж бий болгох нь чухал байна. Мөн генетик нөөцийг судлах, эсвэл арилжааны зорилгоор ашиглах гэж байгаа тохиолдлуудыг ялгаж зохицуулах шаардлагатай. Арилжааны зорилгоор генетик нөөцийг ашиглах тохиолдолд олсон ашгаас үр шим хүртэх механизмыг шинээр бий болгох нь зүйн хэрэг.

-Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцөд хэчнээн төрлийн амьтан ургамал багтдаг вэ. Мөн амьтны генетик нөөцийн талаар яриач?

С.Жигжидпүрэв: -38 төрөл, зүйлийн 8774 гэрийн тэжээвэр шувуу, мал, амьтны үүлдэр, 30 000 гаруй газрын дээд ургамал, 80 000 мод, бут, 175 000 зүйлийн загас, далайн нялцгай биет, бичил биетэн, сээр нуруугүйтнийг хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцөд хамааруулдаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Гэрийн тэжээвэр амьтны олон янз байдлын даян дэлхийн мэдээллийн сан”-д 7718 үүлдрийг нутгийн, 1056-г нь хил дамнасан гэж бүртгэсэн байдаг. Дэлхий дахинаа хамгийн их өсгөж үржүүлдэг тэжээвэр амьтдад үхэр, хонь, тахиа, гахай, ямаа багтдаг. Малын генетик нөөцийн олон янз байдал нь уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай тархдаг халдварт өвчин, тэжээл, бэлчээр, усны хомсдол, хэрэглэгчийн хэрэглээний эрэлт, зах зээлийн өөрчлөлт, хувьслыг даван туулах уян хатан тэсвэрт чанартай гэдэг хэдий ч хадгалах, хамгаалах зохицуулалт муугаас зарим үүлдэр устаж үгүй болох эрсдэлтэй болсон.

Тиймээс зохистой ашиглах, хөгжүүлэх, хадгалах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 2015 онд эмхэтгэн гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн мал, амьтны генетик нөөцийн даян дэлхийн хоёрдугаар тайлан”-д оруулсан байдаг. Уг тайланд гэрийн тэжээвэр амьтны олон янз байдлын мэдээллийн санд 1458 мал, амьтны үүлдэр бүртгэлтэйгээс 17 орчим хувь нь мөхөх, 58 нь мэдээлэл баримтгүй учир тодорхойгүй төлөвт байна гэж дүгнэжээ. 2000-2014 онд л гэхэд дэлхий дахинаа 100 орчим үүлдэр ул мөргүй устаж үгүй болсон. Тиймээс амьтны генетик нөөцийг яаралтай хамгаалж, анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай болжээ.

-Хүн амын хурдацтай хөгжлийн энэ үед малын генетик нөөцийг хэрхэн хамгаалах вэ?

-Өдгөө дэлхийн 600 гаруй сая өрх мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулж байна. 2050 он гэхэд хөгжиж буй орнуудад хүн амын өсөлтөө дагаад сүүний хэрэгцээ одоогийнхоос 46, махных 76 хувиар нэмэгдэх тооцоо бий. Малаас авах нөөц дан ганц мах, сүүгээр тогтохгүй. Тиймээс хурдацтай өсөж буй хүний хэрэгцээг хангахын тулд генетик нөөцийг нь судалж, ашиглах хэрэгтэй. Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлж, үндэсний тайлан боловсруулах, олон улсын байгууллагад хүргүүлэх, үнэлгээний үр дүн, мэдээллийг нэгдсэн санд бүртгэх, генетик нөөцийг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран техник, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

-Монгол Улс энэ чиглэлээр ямар гэрээ, конвенцуудад нэгдсэн бэ?

-Монгол Улс генетик нөөцийн харилцааг олон улсад зохицуулдаг хоёр том гэрээнд элссэн. 1992 оны зургадугаар сарын 12-нд Бразилын Рио-де-Жанейро хотноо гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар Биологийн олон янз байдлын конвенц (БОЯБК)-д нэгдэн орсон бөгөөд 1993 оны зургадугаар сарын 1-нд УИХ соёрхон баталсан. Мөн энэ конвенцыг дагалдаж гарсан генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийг тэгш шударгаар хүртэх, хүртээх тухай Нагояагийн протоколын гишүүн.

-Цөөнгүй тооны мал, амьтны баримт бичиг дутагдалтайгаас “тодорхойгүй” төлөвт багтдаг гэлээ. Үүнийг тайлбарлаач?

-1961 оноос хойш манай улс жил бүр малаа тоолж эхэлсэн. Гэхдээ 1981 оны тооллого л хамгийн чанартай нь байсан гэж үздэг. Учир нь үүлдэр тус бүрээр нь нарийвчлан тоолсон юм. Жишээлбэл, Монгол Улсад хар тарлан үүлдрийн үхэр хаана, хэнийд, хэд байна вэ гэдгийг мэдэх боломжтой байсан юм. Тэр үед аль нэгдлийн хэн гэдэг хүнд хэчнээн үүлдрийн, хэдэн мал байгааг мэдэх боломжтой байсан гэсэн үг. Харин нэгдэл тарж хүн бүр хувьдаа малтай болсноор ямар ч зорилгогүйгээр үүлдрийг хооронд нь хээлтүүлж ашиггүй өсгөсөн. Одоо ямар үүлдрийн хэчнээн мал Монгол Улсад байна вэ гэдгийг мэдэх боломжгүй. Үүнээс болоод л үүлдэр устаж үгүй болох, генетик нөөц хомсдох аюулд ороод байгаа хэрэг. Ноос үйлдвэрлэлд л гэхэд нарийн, нарийвтар ноост хонь хаана хэчнээн байгаа нь мэдэгдэхгүй, зарим нь устаад үгүй болчихоор эдийн засагт сөрөг үр дагавар бий болгоод байна. Цаашид эдийн засаг, улс орны хөгжилд генетик нөөц томоохон байр эзлэх учир үүнтэй холбогдолтой хуулийг илүү сайжруулах нь зүйтэй. Ургамал болон генетик бусад нөөцийг бодвол манай улс Малын генетик нөөцийн тухай хуультай. Тиймээс цаашид генетик нөөцөө бүхэлд нь хадгалах, хамгаалах талаар хуульчлахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байх.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)