Гемофили өвчтэй хүмүүст зориулж төв байгуулав

Гемофили өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1989 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-нд олон улсад тэмдэглэж иржээ. Гемофили гэдэг нь “цус хүсэх” гэсэн грек үгнээс гаралтай. Цус бүлэгнэхэд оролцдог хэд хэдэн хүчин зүйл мутацад орж, хомсодсоны улмаас үүсдэг удамшлын өвчин аж. 

Ийм өвчтэй хүмүүс, тэдний ар гэрийнхэнд сургалт явуулах, мэдээллээр хангах, эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж, үйлчилгээг сайжруулах Гемофилийн мэдээллийн төвийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д байгуулан, өчигдөр нээв.

Манай улсад 2018 оны байдлаар гемофили эмгэгтэй 126 хүн оношлогджээ. Тэдний талаас илүү хувь нь 0-18 насныхан бөгөөд бүгд цус сэлбэх болон дархлалын тогтолцоог сайжруулах эмчилгээ байнга хийлгэдэг гэнэ. Юманд шүргэх төдийд биеийн аль нэг хэсэг хөхрөх, хамраас удаан хугацаанд цус гоожих, сарын тэмдэг ердийнхөөс олон хоног ирэх нь гемофили өвчний шинж тэмдэг байх өндөр магадлалтай тул эмнэлэгт яаралтай хандахыг эмч нар зөвлөв. 

“Судлаачдын таамаглаж буйгаар манай улсад оношлогдоогүй 200 гаруй хүн байх магадлалтай. Учир нь гурван сая хүн тутамд гемофилийн 380 орчим тохиолдол бүртгэгддэг юм билээ. Өвчтөнүүдтэйгээ хамтран энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд манай төв анхаарч ажиллана. Мөн шийдвэр гаргагч нар болон олон нийтэд уг өвчний талаар цогц мэдээлэл өгөх зорилготой” гэж ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)