Г.Доницеттигийн ”Лучиа Ди Ламмермур” дуурь Монгол-Солонгосийн хамтарсан тоглолтоор театрын тайзнаа дахин эгшиглэнэ

Г.Доницеттигийн ”Лучиа Ди Ламмермур” дуурь Монгол-Солонгосийн хамтарсан тоглолтоор театрын тайзнаа дахин эгшиглэнэ. Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээлд тооцогддог аж.

Дэлхийн хамгийн алдартай суут 10-н хөгжмийн зохиолчийн наймынх нь бүтээлийг Монголын уран бүтээлчид тоглодог байсан бол 2015 онд Г.Доницетти 9 дэх нь болж УДБЭТ-ын тайзнаа түүний бүтээл анх удаа амилсан түүхтэй. Тус дуурийг 2015 оны аравдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж, гол дүрд нь УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА .Гомбо-Очир, Б.Батжаргал нар дуулж үзэгчдэд толилуулж байсан. Энэ удаад УДБЭТ-ын хамт олон Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг 2017 оны 06-р сарын 10-ны өдөр БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран дахин тайзнаа тоглохоор зэхэж байна. Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг тоглоход хамтран ажиллахаар БНСУ-ын Тежон хотын дуурийн байгууллагийн гоцлол дуучид болон тус дуурийн найруулагч Ан Ху Вон нар Монголд ирж бэлтгэл ажилдаа аль хэдийнээ ороод байна.

Үзэгч та бүхэн дэлхийн сонгодогийн оргил бүтээл болох Г.Доницеттигийн ”Лучиа Ди Ламмермур” дуурийг үзэж амжаагүй бол 06-р сарын 10-ны өдөр УДБЭТ-т саатаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)