Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрэх машины тоог 1300-д хүргэхийг хүсэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болжээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шяоминтай албан ёсны уулзалт хийсэн байна. Дэд сайд Л.Халтар жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангах, Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны хэмжээг 2020 гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд авто тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг дурдсан аж.

Мөн тэрбээр хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр идэвх гаргах, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог өдөрт 1300-аас доошгүй болгох, Шивээхүрэн-Сэхэ боомтын гарцын тоог нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүсжээ. БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шяомин хоёр улсын хооронд хийж буй худалдааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд авто тээврээр харилцан зорчихыг хөнгөвчлөх зорилгоор 2011 онд байгуулсан “БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр”-ийг шинэчлэх саналыг ярилцаж, цаашид хоёр талын хамтарсан ажлын хэсгийн хурал зохион байгуулах санал дэвшүүлсэн байна.

Мөн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ боомтын нэвтрүүлэх асуудлыг судлан үзэхээ илэрхийлсэн аж. Уулзалтаар талууд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Азийн авто замын сүлжээний АН-4 (Новосибирск-Барнаул-Горно-Алтайск-Ташанта-Ховд-Ярант-Такашикэн-Өрөмч-Каши-Хонкираф) чиглэлд туршилтын ачаа тээврийг 2019 онд багтаан хийх талаар санал солилцжээ. Ингээд боломжтой нөхцөл бүрдсэн тохиолдолд туршилтын тээврийг явуулж эхлэхээр тохиролцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)