Гашуунсухайтын боомтоор өдөрт 200-300 машин нэвтрүүлэх нь


Гашуунсухайтын боомтоор урд хөрш рүү нүүрс тээвэрлэх явц зогсонги байдалд оржээ. Өдөрт 1250-1300 автомашин нэвтэрдэг тус боомтын хувьд Хятадын тал татан авалтаа багасган, энэ сарын эхний долоо хоногт өдөрт 550-650 тээврийн хэрэгслийг хилээр оруулах болсон аж. 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүд болон өчигдөр нүүрс ачсан машин бараг нэвтрүүлээгүй талаар мэдээлэл тархлаа. Энэ талаар “Гашуунсухайт авто зам” компанийн мэргэжилтнээс тодруулахад “Өнгөрсөн бямба гарагт 10 орчим, өнөөдөр (өчигдөр) 20 хүрэхгүй автомашин хилээр гарсан. 

Боомтоор нэвтрэхээр дугаарлаж буй автомашины тоо эрс өссөн” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв болон ГЕГ, МХЕГ зэрэг байгууллагаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллажээ. 

Албаныхны мэдээлснээр өчигдөр 16.00 цагаас Хятадын тал нүүрс татан авалтыг эхлүүлсэн байна. Урд хөршийн хил гаалийн байгууллагаас “Ухаалаг гарц” шинэ технологи нэвтрүүлж буйгаас үүдэн боомтын нэвтрүүлэх чадварыг бууруулсан аж. Татан авалтыг хэвийн хэмжээнд хүргэтэл өдөрт 200-300 автомашиныг хилээр нэвтрүүлэхээр талууд тохиролцжээ.

С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)