Гар, хөл, амны өвчний тохиолдол 308-аар нэмэгджээ

Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварыг гар, хөл, амны өвчин гэдэг. Энэ оны нэгдүгээр улиралд уг өвчний 1148 тохиолдол бүртгэгдсэн нь өмнө оныхоос 308-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Бохир ус, хүнс, хөрс, эд зүйлс, гараар дамжин халдварладаг уг өвчин ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүдийг “онилдог”.

Өвчилсөн эхний долоо хоногт халдвар хамгийн их байдаг бөгөөд энэ үед вирус өтгөнөөр гадагшилдаг аж. Тиймээс хүүхдийнхээ гарыг савандаж угаахын зэрэгцээ өвчтэй хүнд хүрэхээс зайлсхийх, ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах, бохир гараар нүүрэндээ хүрэхгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хүүхдийн тоглоом, угаалтуур, суултуур зэргийг сайтар угаах, халдваргүйжүүлэхийг эмч нар зөвлөж буй.

Хэрэв хүүхдийн тань гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралт гарч, бөөлжиж, 38 хэмээс дээш халуурч, амьсгал нь олшрон, цустай хөөсөрхөг цэр гарвал эмчид яаралтай хандаарай.

Уг халдварт өвчнөөр хэчнээн хүүхэд эмчлүүлж буйг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ өвчин ихэссэн. Гэхдээ өвчилсөн хүүхдүүдийн 90 орчим хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа учраас гэрээр эмчлүүлж буй. Манай эмнэлэгт хэдэн хүүхэд эмчлүүлсэн гэхээс илүү хэрхэн сэргийлэх вэ гэдэг нь чухал учраас тоо хэлэх боломжгүй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)