Гар утас хүүхдүүдийг ядаргаанд оруулж байна

Орчин үед хүүхдүүд гар утас, компьютер, таблет зэрэг техникийн дэвшилт их хэрэглэх болсноор шөнө бага унтаж, мэдрэлийн ядаргаанд орж байгааг саяхан хийсэн судалгаа тодорхой харуулжээ. Өрөөндөө оройн цагаар гар утас тоглодоггүй, цахим ертөнцөд зочилдоггүй хүүхдүүд өдрийн цагаар цовоо сэргэлэнг байдгийг эрдэмтэд нотолсон нь энэ юм. 

Лондон хотын Кингс коллежийн эрдэмтэн Бен Картер болон түүний хамтрагчид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны зургадугаар сарын 15 хооронд хийсэн хэдэн зуун судалгааны дүнгээс 20-ыг нь сонгож, шинжилгээ хийжээ. Энэ судалгаанд дунджаар 14.5 насны нийт 125 мянган хүүхэд хамрагдсан байна. 

Ингээд унтахынхаа өмнө зурагт үзэж, компьютер тоглосон, эсвэл гар утсаар цахим ертөнцөд зочилсон хүүхдүүд шөнө унтахдаа сайн амарч чаддаггүй, өдөр нойрмоглож байдаг, яваандаа мэдрэлийн ядаргаанд ордог гэдгийг баталжээ.

Гэхдээ Картерын багийнханыг хүртэл гайхшруулсан зүйл бол гар утас, компьютер өрөөндөө хэрэглэдэггүй хүүхдүүдэд ч бас ийм бэрхшээл байгааг олж илрүүлсэн явдал. Тэд унтлагийн өрөө бол унтаж, амрах зориулалттай өрөө болохоос технологийн дэвшилт бүтээгдэхүүний ид шидийг шалгах өрөө биш гэж тайлбарлаж байна. Тодруулбал, эдгээр зүйлсийг та хүүхдээсээ нууж, өрөөндөө тавьсан ч үр дүн нь ижилхэн бөгөөд түүнээс гарах дуу чимээ, гэрэл хүртэл хүүхдийн чинь нойронд нөлөөлж байгааг судлаачид тогтоочихсон юм байна.

АНУ-ын нойр судлалын төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 72 хувь, өсвөр үеийхний 89 хувь нь өрөөндөө багадаа нэг гар утас, таблет эсвэл компьютертэй байсан аж. Мөн хүүхдүүд ортойгоо ойр хэрэглэдэг болохыг нь тогтоосон. Түүнчлэн эдгээр зүйлс нь хүүхдийн шөнө унтах биологийн цагт ч нөлөөлдөг гэнэ. Ингэснээр өдрийн цагаар тэдний санах ой муудаж, сурах чадварт ч нөлөөлдөг бололтой.

Эцэг эхчүүдэд зөвлөхөд, хүүхдийн унтаж амрах өрөөнд дуу чимээ үл нэвтэрдэг хана хийх, бүхий л төрлийн электрон бараа, тэр дундаа гар утас, таблет, компьютер, зурагт зэрэг эд зүйлсийг өрөөнд нь тавихгүй байх, хүүхдээ унтаж байхад нь гар утсаар оролдох, кино үзэх зэрэг муу зуршлаа хаяж, унтаж амрах боломж олгож байхыг сануулжээ.

Эрдэмтэд өмнө нь унтахаасаа өмнө утсаа байнга оролдож, цахим ертөнцөд зочилдог хүмүүст тархины эмгэг их байгааг мэдэгдэж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)