Гар татаж, нүд хуурсан бүтээн байгуулалт

Хэзээ мөдгүй нурах дөхсөн ноорхой гэрүүд, гудамжинд тогтсон шалбаагаар тоглох хүүхдүүд, оршуулгын газрын дундуур явж, ямар нэгэн зүйл хайх, шуудай үүрсэн хүмүүсийн хажуугаар өнгөрч Цагаандавааны хогийн цэгийн хаалганд хүрэв. Тэр хүртэлх зам энхэл донхолтой, хүнд даацын машинд талхилуулж хөрс нь нэлээд суларсан тул орчин тойрон нь тоосонд даруулж, бүхэлдээ сааралтжээ. Хогийн цэгийн хаалганы өмнө шинээр самбар байрлуулсан байв. Түүн дээр хогийн тонн тутмаас төлбөр авах болон дур мэдэн хог хаявал ямар шийтгэл ногдуулахыг бичжээ.

Хотын ерөнхий менежерийн гарын үсэгтэй, өнгөрсөн зургадугаар сарын 13-ны өдөр гаргасан мэдэгдэл байхыг бодоход тус самбарыг байрлуулаад удаагүй бололтой. Тухайн замаар минут тутамд тэвш дүүрэн хог ачсан машинууд холхилно. Хаалганаас цааш хэдхэн алхахад хуванцар савыг ялгаж, өөр машинд ачдаг хүмүүс хогон дунд ажиллаж байгаа нь харагдав. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хогийн цэгийн орчин нөхцөл нь сайжирсан нь ч анзаарагдлаа. Хаалганаас 200 орчим метр зайд намхан, ягаан барилга бий. Тэнд хэв журам сахиулагчид суудаг ажээ. Пүү харахаас өөр зүйл хийдэггүй болоод ч тэр үү, нэлээд завтай аж. Бас болоогүй ээ, их хоржоонтой хүмүүс. Бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.

-Цагаандаваа, Нарангийн энгэрийн хогийн цэгийг хашна гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан. Эндэхийг хашиж дууссан уу?

-Тэгж байгаад хашаа барих биз дээ.

-Ажил нь эхлээгүй юм уу?

-Эхлэх л юм гэсэн. Хэд хоногийн өмнө нэгэн компаниас явж байна гээд хэдэн хүн ирж, биднийг харчихаад буцсан.

-Бидэнд байгаа мэдээллээр бол өдийд ажил нь дуусчихсан байх ёстой юм.

-Хэвлэлээр мэдээлсэн юм чинь эхлүүлэх байлгүй. Усны гутал өмсөөд үхэр, нохойтой хөөцөлдөхөө болих нь, ашгүй. Хог боловсруулах үйлдвэр минь ч бас юу, юугүй ашиглалтад орох байх. Та нарт мэдээлэл өгсөн хүмүүс бидэнд бас тэгж хэлээд удлаа. Суурийг нь мөн ч сайн хатааж байгаа даа, бараг таван жил боллоо. Хашаа ямар суурьтай биш, тэгж их хугацаа зарцуулахгүй байлгүй дээ. Хэд хоногоос бид “үйлдвэрийнхээ” орчин тойрны шарилжийг зулгаана гээд хэзээ мөдгүй нурах дөхсөн бетон суурь руу зааж, хөхрөлдөв.

Манай улсынхаас ес дахин их оршин суугчтай, урд хөршийн нийслэл Бээжингийн иргэд өдөрт дунджаар 100 орчим мянган тонн хаягдал “үйлдвэрлэдэг” аж. Улаанбаатарын иргэд өдөрт 2100-2600 тонн хог хаядгаас үзвэл тэд нийслэлийнхний нэг сарын хугацаанд үүсгэдэг хогийг өдөрт бий болгодог гэсэн үг. Гэхдээ Бээжинд манайх шиг задгай хогийн цэг бараг байхгүй гэсэн.

Учир нь тэд хогоо бордоо, эсвэл түүхий эд болгодог аж. Ийм үйлдвэр 200 орчим бий гэсэн. Гэтэл манайд эсрэгээрээ хогоор уул босгож, олон арван өрхөд эзэмшүүлж болох том талбайг хаягдлын цэг болгон, ашиглалтаас гаргасан. Түүнчлэн задгай газарт хаясан хог нь мал амьтны хөл, салхинд тарж, орчин тойрныг бохирдуулаад удав.

Хувийн хэвшлийн хог боловруулах цех барьж, ашиглалтад оруулсныг эс тооцвол гадаадын буцалтгүй тусламжаар барьсан ангилах үйлдвэрээс өөр үзүүлэх зүйл манай улсад байхгүй. Цагаандавааны хогийн цэг үүнийг нотолно. Товчхондоо Улаанбаатар хогонд дарагдсан гэж болно. Харамсалтай нь, нөхцөл байдал ийм байхад холбогдох албаныхан гараа хумхисаар л сууна.

Хогийн цэгүүдийг хашна гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгаад хагас жил болсон ч нүдэнд харагдах бүтээн байгуулалт алга. “Япончууд 2009 онд буцалтгүй тусламж үзүүлж, Нарангийн энгэрийн хогийн цэгийг тохижуулан, хашаа барьж өгсөн. Түүнээс хойш Улаанбаатарын хог хаягдлын менежментэд дорвитой ахиц гараагүй. Тэнд 2020 оноос хойш хог хаяж бараг болохгүй, ачаалал нь хэтэрсэн.

Одоо дүүрэг, хорооныхон л дор бүрнээ болгож байна. Цагаандавааны болон Нарангийн энгэрийн хогийн цэгийг хаших болсон нь үнэхээр сайшаалтай. Гэвч чанаргүй бүтээн байгуулалт болох шинжтэй. Хугацаандаа оруулж чадахгүйгээс авхуулаад асуудал олон бий” гэж нэгэн эх сурвалж ярьсан юм.

Хотын хоёр талд, тэр дундаа суурьшлын бүс дунд байрлах хогийн хоёр цэгийг хаших болсноо нийслэлийн удирдлага мэдээлээд таван сар өнгөрлөө. Уг ажлыг нийслэлийн Хот тохижилтын газрынхан санаачилсан байдаг. Салхитай өдөр хог хийсэж, бусад үед хүн, малын хөлөөр тарахаас сэргийлэх зорилготой.

Тухайн үед холбогдох албаныхан “Улаанбаатар хот дахь төвлөрсөн хогийн цэгүүд эзэнгүй шахам, үүний улмаас мал бэлчихээс авхуулаад дурын иргэд ухаж, тэнд буулгасан хаягдлыг тараадаг.

Ийм замбараагүй байдлын улмаас хаягдал салхинд хийсэн гуу жалга, гудамж талбайг бохирдуулдан “чимдэг”. Тиймээс Цагаандаваа болон Нарангийн энгэрийн хогийн цэгийг хаших шийдвэр гаргасан юм. Хог хаях хүмүүс нэг хаалгаар орж, гарах тул замбараагүй байдал арилна гэж үзэж байгаа. Ирэх сараас хашаа барьж эхлэх юм гэсэн. Наадмаас өмнө ашиглалтад оруулна” гэж байлаа. Гэвч өдгөө Нарангийн энгэрийн хогийн цэгийг хаших ажил ч дуусаагүй байна.

Хот тохижилтын газрын захиалгаар хийх уг бүтээн байгуулалтад 330 орчим сая төгрөг зарцуулах юм. Үүнийг нийслэлийн төсвөөс гаргана. Уг нь өнгөрсөн жил нийслэлийн төсвийг батлахдаа эвдрэхээргүй, бат бөх хашаа барихад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Мөн холбогдох албаныхан “Хүн давж орох боломжгүй хашаа барихаар төлөвлөсөн” гэж байв. Гэвч аль аль нь хэлснээсээ буцжээ.

Нарангийн энгэрт л гэхэд үхэр хэдэнтэй шөргөөхөд л уначихаар хашаа барьж байна. Энэ талаар Хот тохижилтын газрын орлогч дарга П.Пүрэвжаваас тодруулахад “Тийм шаардлагад нийцсэн хашаа барихад төсөв хүрэлцэхгүй. Ямар ч байсан хүн, мал орж, хог тараадаг байдлыг таслан зогсоох зорилгоор тийм хашаа барьж байгаа юм.

Хог салхинд хийсэх нь ч багасна. Эхний ээлжинд торон хашаа татахаас өөр аргагүй” гэв. Харин төлөвлөсөн ажил нь хугацаанаасаа хоцорч буй шалтгааныг “Уг ажлын сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарлаж, гүйцэтгэгчийг тодруулсан. Үүнээс болоод наадмын дараа ажил эхэлсэн. Удахгүй хүлээлгэн өгнө” хэмээн тайлбарлалаа.

Нийслэлийн удирдлага элдэв баяр наадамд хөрөнгө зарахдаа гаргууд. Өнөө жил л гэхэд төсвийн таван тэрбум төгрөгөөр наргиад байгаа. Гэтэл иргэдийн эрүүл мэндэд чимээгүй заналхийлж буй хогийг арилгах бүтээн байгуулалтад гар татаж байгаа нь ичмээр. Бага мөнгөөр хийсэн чанаргүй хашаа нь дараа оныг үзэхгүй нурахад гайхах зүйлгүй биз.

Баянзүрх дүүргийн IX хорооны оршин суугчдын хэлж буйгаар Цагаандавааны хогийн цэгээс болоод тэд хэцүү байдалд ороод уджээ. Хог шатаасан өдөр “цэвэрлэх байгууламжийн” гэх өмхийгөөс дутахгүй үнэрт угаартдаг бол салхитай үед шороо бус, хогонд “балбуулдаг” гэнэ.

Мөн Улиастайн гол орчимд бөөгнөрдөг хог хаягдал тус цэгээс хийсэж очдог талаар Баянзүрх дүүргийн албаны эх сурвалж мэдээлсэн. Сонгинохайрхан дүүргийнхэн ч үүнтэй ижил зовлонтойгоо нуугаагүй. Нөхцөл байдал ийм байвал хотын иргэд хогон дунд амьдарсаар байх нь.


Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)