Г.Ариунбаатар Москва, Санкт-Петербургт тоглолтоо хийнэ

Чайковскийн нэрэмжит олон улсын XV наадмын гран приг 2015 онд хүртэж, “Cardiff  Singer of  the World” наадмын “Song Prize” төрөлд 2017 онд түрүүлсэн Монголын баритон Г.Ариунбаатарыг дэлхийн тэргүүлэх теартууд сонирхож буй хэдий ч тэрбээр Буриадын дуурь бүжгийн академик теарт үргэлжлэн ажиллах ажээ. Тэрбээр амралтаа дуусгаж ажилдаа орон ОХУ-ын Ардын жүжигчин Д.Линховоины удирдлагад шинэ улирлын бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлжээ. Учир нь тэрбээр ирэх сарын 12-нд Улаан Үүдэд нээлтээ хийх Жузеппе Вердигийн “Бал маскарад” жүжигт тоглоно. Гэхдээ үүнээс өмнө ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотуудад тоглолтоо хийх юм. Харин өвлийн эхэн сарын алдад гадаадын томоохон тоглолтуудад оролцох ажээ.

Монголынхоо нэрийг тивээс тивийн хооронд мандуулж буй Г.Ариунбаатар дэлхийн хамгийн эрэлттэй дуурийн дуучдын нэг хэдийнэ болсон. Тиймээс ч дуурийн дуучдын мөрөөдөл болсон Карнеги Холл, Букинхэмийн ордон тэргүүтэй ихэнх домогт тайзуудад дуугаа өргөж ирсэн билээ. Дээр дурдсан амжилтуудаас гадна Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын III, Михаил Глинкийн нэрэмжит XXIV уралдаанд түрүүлсэн Монголын баритоны авьяас чадлыг өндөр үнэлж Английн The Guardian сонин түүний талаарх нийтлэлийг тусгайлан гаргаж, BBC телевиз тусгай дугаараа түүнд зориулсан билээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)