Ган замчидтай нэгэн жарныг элээсэн анхны хэвлэх үйлдвэр

Төмөр замын хэвлэх үйлдвэр болох “Ган зам пресс” төв өрхөө татаж, үүдээ нээсний 60 жилийн ой маргааш тохионо. Мөн Улаанбаатар төмөр зам байнгын ашиглалттай болж, анхны галт тэрэг нийслэлд орж ирсний 65 жилийн ой ч энэ өдөр болох юм.

Нэгэн жарныг элээсэн хэвлэх үйлдвэрийн түүх тэртээ 1912 оноос эхтэй. Учир нь Хаант Оросын консулын дэргэд эл үйлдвэрийн суурь тавигдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсад байгуулагдсан орчин цагийн анхны хэвлэх үйлдвэр юм. “Шинэ толь сонин бичиг” сонины хэд хэдэн дугаарыг энд хэвлэжээ. Дараа нь Зөвлөлтийн Элчин сайдын яамны дэргэдэх хэвлэх үйлдвэр хэмээгдэж, хожим 1954 онд орон тоо, тоног төхөөр өмжтэйгөө “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт шилжсэн байдаг. Тус нийгэмлэг байгуулагдаад удаагүй, таван жил л болж байсан бөгөөд мэргэжилтн үүдийн олонх нь ЗХУ-ын иргэд тул тэдэнд нийгэмлэгийн удирдах газрын бодлого шийдвэр, дүрмийг орос хэлээр хүргэхэд хэвлэх үйлдвэр шаардлагатай байжээ. Тухайн үед 20 гаруй ажилтны хоёр нь хятад, тав нь монгол, бусад нь орос хүн байв. Харин өдгөө 32 ажилтантан нь бүгд монгол. “Ган зам пресс” төв нь хэвлэх, хэвлэл мэдээллийн гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Долоо хоног тутмын “Ган зам” сонин, хоёр сар тутам гардаг “Галт тэрэгний цонхоор” сэтгүүлээрээ хэвлэл мэдээллийн үүргээ гүйцэтгэдэг бол хэвлэх үйлдвэрээрээ “Улаанбаатар төмөр зам”-ын тээврийн болон санхүүгийн маягт, хүснэгт, бичиг баримт, билет, төмөр замтай холбоотой мэргэжлийн сурах бичиг, ном товхимол хэвлэдэг. Хоёр давхар байшингийн үүдээр оронгуут ном, сонины танил үнэр үнэртэнэ. Ойн баяраар зочдын гар цайлгах ном хэвлэх гээд ажилтнууд нь нойргүй хоножээ. Энэ байшинд 1951-1958 онд “Улаанбаатар төмөр зам”-ын анхны бие даасан контор Төмөр замын хэрэг эрхлэх газар байрлаж байжээ. Иймээс ойн хүрээнд энэ байшинд дурсгалын самбар хадах гэнэ. “Ган зам пресс” төвд Монголын анхны гэсэн тодотгол олон. Хэвлэх үйлдвэр үүдээс анх удаа социалист хөдөлмөрийн үйлдвэр гэсэн цол тэмдэг авсан. Мөн хэвлэх үйлдвэр, сонин хоёрыг нэгдсэн зохион байгуулалттай болгосон анхны байгууллага. Өөрөөр хэлбэл, хэвлэх үйлдвэртэй анхны сонин болсон гэсэн үг.

“Ган зам” сонины анхны дугаар 1958 онд “Найрамдлын зам” нэртэйгээр гарч байжээ. Төмөр замын дээд сургуулийн дэргэд гаргадаг байсан техник технологийн “Монголын төмөр зам” сэтгүүлийг 2010 онд “Ган зам” сонинтой нэгтгэснээр тус сэтг үүлийг нийтлэл уран сайхны хэлбэртэй болгож, “Галт тэрэгний цонхоор” гэж нэрийдсэн гэнэ. Өдгөө энэ сэтгүүл 48 нүүрээр гардаг, аж ахуйн тооцоотой, орлогоороо зарлагаа нөхдөг болсон байна. “Ган зам” сонин өмнө нь “Улаанбаатар төм өр зам” нийгэмлэгийн хэвлэл байсан бол 2012 оноос замчид, тээвэрчдэд зориулсан статустай болжээ. 6000 гаруй уншигчтай, захиалгын тоогоороо салбарынхаа хэвлэлд тэргүүлэх их “айл”-ын түүх ийм. Тус төв мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Тэр бүү хэл аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй. Тухайлбал, дэвтэрлэгч С.Байгалмаагийн аав, ээж нь энд ажиллаж байсан. Түүнийг манцуйтай байхаас нь л эцэг, эх нь ажил дээрээ авчирдаг байж. Ээжтэйгээ жижүүрлэн хонож, шинэ жилээр цасан охин хүртэл болж байсан байгууллагадаа тэрбээр сургуулиа төгсөөд л ажилд оржээ. С.Байгалмаа “Манай аав хянагч мастер, ээж хэвлэгч хийдэг байсан. Аав, ээжийнхээ ажиллаж байсан газарт ажиллаж буйдаа баярладаг” гэсэн бол 21 дэх жилдээ тус үйлдвэрт ажиллаж буй хэвлэгч Ж.Алтанбаатар мөн л ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ. Ээж нь энэ үйлдвэрт 30 жил ажилласан гэнэ. Харин тус төвийн отгон гишүүдийн нэг хэвлэгч Д.Гантулга ажилд ороод жил орчим болж байгаа ч дөрвөн өнгийн А2 форматын машины үндсэн хэвлэгч болтлоо сайн ажиллажээ.

“Ган зам пресс” төв техник технологио байнга шинэчилдэг. Герман, Чех, Орос, Япон, Хятад улсын тоног төх өөрөмжтэй. Засварын механик Н.Намтайсүрэн гуай цаас огтолдог машины хутга ирлэгч бүтээжээ. Өмнө нь хутгаа ирлэх газар олдохгүй, олдлоо ч зорьсон газраа очих гэж багагүй мөнгө зарлагаддаг байсан бол одоо хүссэн үедээ хутгаа ирлэнэ. Н.Намтайсүрэн “Манай захиргаа ирлэгч машин бүтээх үүрэг өгсний дагуу 2010 онд Хятадын тоног төхөөр өмж ашиглан, Орос, Чехийн эд ангийг нэмж, монгол хүний арга ухаанаар энэ машиныг нэг сая төгрөгөөр бүтээж, Оюуны өмчийн газраас эрхийн гэрчилгээ авсан. Ийм төрлийн ирлэгчийг Хятадаас авбал 20 сая, Европоос авахад 40-50 сая төгрөг шаардлагатай. Энэ хугацаанд долоон сая төгрөг хэмнэлээ” гэв. Үйлдвэрийн түүхэнд техникийн томоохон шинэчлэлийг гурван удаа хийжээ. Анх “Улаанбаатар төмөр зам”-д шилжсэний дараа тоног төх өөр өмжөө сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн бол 1990- ээд оны дундуур офсет хэвлэлд шилжсэн байна. Өмнө нь өндөр хэвлэлт буюу бараар хэвлэдэг байсан аж. Харин 2012 онд өнгөт хэвлэлийн технологид шилжиж, хэвлэлийн зах зээлд өрсөлдөх боломж бүрджээ. Ингэснээр хэвлэлт хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Одоо технологио улам боловсронгуй болгож, зах зээлээ өргөтгөн, бие даан үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаагаа тэд ярьсан.

“Ган зам пресс” төв нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод тооцоотой аж ахуйн нэгж ч гэлээ охин компани хэлбэрээр ажиллахаар бизнес төлөвлөгөөгөө боловсруулжээ. Үүнийг нийгэмлэгийн хурлаар шийдэх гэнэ. Төмөр замчдын төв хэвлэл “Ган зам” сонин анх “Найрамдлын зам”, 1989-1991 онд “Өдтэй бичиг”, 1991 оноос хойш өнөөг хүртэл “Ган зам” нэртэйгээр 21 аймгийн уншигчдын гарт хүрч байна. Түүнчлэн “Зүтгүүрчин”, “Вагончин”, “Таны төлөө”, “Өргөс” гэсэн дөрвөн дагуул сонинтой. Эдгээр нь сард нэг удаа гардаг, тусдаа редакц, эрхлэгчтэй бөгөөд нийтлэлийн бодлогыг “Ган зам” сонины редакц зан гиддаг. “Ган зам” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаа И.Наранчимэг “Анх намайг ороход манай сонин дөрвөн нүүрээр гардаг байсан. Харин 2006 оноос найм, 2010 оноос 10, 2012 оноос 12 нүүртэй болсон. Анх нийтлэлээ цаасан дээр биччихээд, эх бэлтгэлд өгдөг байлаа. Би балласан цаасан дээр бичиж чаддаггүй. Баллахаараа дахиж бичих юм уу, балласан хэсэгтээ цаас наадаг байлаа. Одоо бодоход бүд үүлэг байж. Манайх 4001 дэх дугаараасаа өнгөт болсон. Энэ мэт олон түүхийн гэрч болсноороо бахархдаг” гэв.

Л. СЭНГЭЭ: ТӨМӨР ЗАМГҮЙГЭЭР ТЭДНИЙГ, ТЭДЭНГҮЙГЭЭР ТӨМӨР ЗАМЫГ ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ 

Ган зам пресс” төвийн дарга, сонины ерөнхий эрхлэгч Л.Сэнгээ төмөр замчин, сэтгүүлч. Сүүлийн 10 жил энэ албыг хашиж буй тэрбээр тус төвийн 13 дахь дарга юм. Түүнтэй ярилцлаа.

-Танай сонин 6000 захиалагчтай гэсэн. Төмөр замчид захиалагчдын олонх нь байх. Жирийн иргэд хэр захиалдаг вэ?

-Нийтлэлийн бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор манай сониныг төмөр замчид ихэвчлэн захиалдаг. Нийт захиалагчийн 85 орчим хувийг төмөр замчид эзэлж байна. Зорчигчдод зориулж тогтмол 200 сонин тараадаг.

-Хэзээ хамгийн олон хувь хэвлэгдэж байв.

-1985 оны үед “Найрамдлын зам” буюу тээвэрчид, холбоочдын хэвлэл байх үедээ 35 мянган хувь хэвлэгдэж байсан гэдэг. Манайх “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн орлогоороо зардлаа нөхөж, ашигтай ажилладаг туслах үйлдвэрлэлийн цөөх өн байгууллагын нэг.

-Та төмөр замчин хүн. Мөн төмөр замчдын талаар олон хөрөг нийтлэл бичсэн. Төмөр замчид гэж хэн бэ?

-Төмөр замын төлөө төрсөн хүмүүс гэж би хэлнэ. Тэд хаана ч байсан төмөр зам руугаа сэтгэл нь тэмүүлж байдаг. Төм өр замыг том механизм гэвэл тэд эрэг шурга, эд эс нь. Төмөр замгүйгээр тэднийг, тэдэнгүйгээр төмөр замыг төсөөлөхийн аргагүй. Анхны төмөр замчдын нэг Турсага гэж мастер хүүхдүүддээ “Намайг бурхан болохоор хөшөө, чулуу хэрэггүй. Зүгээр л зам төмрийн хугархай босгоорой” гэсэн гэдэг.

-Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатарын одонгоор шагнагдсан. 44 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны одон авсан. Удирдлага маань хошой одонтой тугийг салбар нэгжүүдээр аялуулж байгаа. Энэ туг манайд маргааш 07.00 цагт ирнэ. Ойн хүрээнд 21 хоног бүтээлч ажлын уралдаан зарласан. Энэ хүрээнд аравдугаар сарын орлогын төлөвлөгөөгөө 102 орчим хувиар биелүүлж, зардлаа 8-9 хувиар хэмнэлээ. Мөн компьютерүүдээ шинэчлэн, хэвлэлийн эх бэлтгэлийн зориулалттай болгож, байгууллагынхаа түүхийг өгүүлсэн ном гаргалаа. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн “Ган зам” пресс төвийн өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн онол практикийн хурал зохион байгуулна.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)