Ганц байшин барьж, тавхан айл оруулахын тулд таван тэрбум төгрөг зарлагаддаг уу

Олны итгэл хүлээлтээр тоглож дуусаагүй бололтой, хотын удирдлага. Хүн амын тоо сая хол давж, метрополис хотын зэрэглэлд хүрсэн хэрнээ гал түлж, газрын мухарт унаа, тэрэгний хомсдолд орж суух гэж дээ, нийслэлчүүд. Нийслэлийн үе үеийн удирдлага дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын айлуудыг орон сууцад оруулна, дэд бүтцийг сайжруулна гэж амладаг. Гэхдээ өмнөх даргын хийсэн ажлыг дараагийн удирдлага өөлж, баалсаар дахин нэг балагтай шийд гаргаж, нийслэлчүүдээр доог тохуу хийж буйг иргэд сайшаахгүй байна. Тухайлбал, нийслэлийн удирдлага дахин төлөвлөлт нэрийн доор олон мянган иргэнийг хохироосон удаатай.

Орон гэргүй болсон 100 орчим иргэн өнөө ч айлын хаяа харсан хэвээр. Сүүлдээ бүр өөрийн шийдвэртээ эргэлзэж, гаргасан захирамжаа нэн даруй цуцалдаг Засаг даргатай болжээ. Энэ онд улс, нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан, төвийн бүсэд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ тавих болсон. 20 тэрбум төгрөгийн 5.6-г нь он дамнан барилгын ажил эрхэлж буй компаниудад өгнө гэх сураг ч байсан. Нийслэлийн удирдлага зуны турш дуншиж дуншиж арай гэж 20 тэрбум төгрөгөө аж ахуйн нэгжүүдэд хуваарилж, зарим газрын дэд бүцийг шийдэж, инженерийн шугам сүлжээ тавих захирамж, шийдвэр гарсан. Харамсалтай нь, эл А/579 дүгээр захирамж болон бусад шийдвэр хэрэгжихгүй байсаар хүчингүй болжээ. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц тавих асуудал ажил хэрэг болсон ч юм шиг, үгүй ч юм шиг. Гаргасан шийдвэрээ удалгүй цуцалсаар, нэг ч ажил эхлээгүй байтал зун дуусаж, намрын сэрүүн хаяанд ирчихлээ, С.Амарсайхан дарга аа.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахад олон байгууллагын оролцоо бий. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Газрын алба, Хөрөнгө оруулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Орон сууцны дэд бүтцийн газар гэх зэрэг төрийн байгууллага эл ажлыг гүйцэтгэх учиртай. Ихэнх байгууллагын ажилтнууд нүүрээ буруулж, мэдээлэл өгөхөөс татгалзсан ч Орон сууцны дэд бүтцийн газрын дэд дарга Б.Азжаргал дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Энд онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарим газрыг инженерийн шугам сүлжээнд холбоход зарцуулах хөрөнгийг дахин хуваарилаагүй. Дахин ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, “царцаад” буй ажлыг яаралтай урагшлуулах шийд гаргасан. Манай газрынхан дэд бүтэц тавих шаардлагатай газруудын жагсаалтыг танилцуулсан. 

Ажлын хэсгийнхэн дэд бүтцийн ажлуудыг шалгаж, үнэлэлт дүгнэлт хийж буй. Үнэлгээ өгсний эцэст шаардлага хангаагүй компанид дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ажлыг зогсооно гэж хотын удирдлага хэлсэн. Ажлыг хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ахалж буй. Энэ долоо хоногт дахин хуралдана. “Цүнхний” компаниудын эрхийг эхнээс нь цуцална. Сонгон шалгаруулалт зарлахаар үнэлгээний хороо байгуулсан. Цаашдаа сонгон шалгаруулалтын журмыг өөрчилнө. Өмнө нь зөвхөн барилгын тусгай зөвшөөрөлтэй, эсэхийг харж байсан бол одоо санхүүгийн чадавх болон хийж бүтээсэн ажлын туршлагыг харгалзана” гэлээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр шаардлага гарвал өнгөрсөн жил дэд бүтцэд зарцуулахаар ярьж байсан хөрөнгийн үлдэгдэл болох 5.6 тэрбум төгрөг болон үлдсэн 14 тэрбумыг ирэх өвөл утаа бууруулахад зарцуулах сурагтай.

Нэг хэсэг утаа ихтэйгээрээ дэлхийд тэргүүлж байсан Бээжинд хорт хийгээ багасгахын тулд орон сууцжуулах ажлыг улс даяар өрнүүлсэн. Захын жишээ дурдахад, тус улс зургаахан жилийн дотор Ланжоу, Жю Чуань зэрэг хотод их, дээд сургууль, эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж бүхий хэд хэдэн цогц хотхон барьж, автомашиныг хүртэл цахилгаанаар явуулах гэх мэт олон арга хэмжээг авч буй.

Харин манай улсад гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажил 2012 оноос яригдаж, дараа жилээс нь ажил хэрэг болж эхэлсэн. Гэхдээ бусад улс оронтой харьцуулахад эл ажлын явц удаан, үр дүн бага байгааг учир мэдэх хүмүүс шүүмжилж байна. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд ажил эхлүүлнэ хэмээн төлөвлөж байсан. Одоогоор гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийн хүрээнд 38 хэсэгчилсэн талбайд 34 компани алдаг оног үйл ажиллагаа явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Эдгээр компанийн олонх нь “цүнхний”-х гэдгийг зарим эх сурвалж хэлсэн. Тиймдээ ч өдий олон жил гэр хорооллыг барилгажуулах ажлыг гацааж, ганц тоосго өрөөгүй, хөрөнгө оруулагч хайсаар яваа гэх компани нэг биш бий. 2013-2016 онд бүтээн байгуулалт хийхээр авсан хэсэгчилсэн талбайдаа ганц гадас хатгаагүй шалтгаанаар “Эрэл”, “Өндөрбуянт”, “Заг”, “Тоб”, “Монгол Дайван”, “Хас харш” компанийн эрхийг цуцалж байсан. Одоо ч олон нийтийг бухимдуулсан зарим компанийн эрхийг цуцлахаа холбогдох газраас мэдээлсээр байгаа ч хэрэгжсэн нь алга. Гэсэн ч тендерт оролцох бус, гэрээгээр ажил гүйцэтгэх сонирхолтой газруудтай цаашид хотын удирдлага тэмцэнэ гэдгээ мэдэгдсээр л байна.

Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай энэ талаар “Нийслэлийн гэр хорооллын янданг цөөлөх үүрэг хүлээсэн компаниуд ажлаа хангалттай хийгээгүй нь олон зүйлээс харагддаг. Нэг хэсэгчилсэн талбайд таван айлын газар чөлөөлж, 100 айлын ганц орон сууц барьдаг. Гэтэл тэнд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол огт байхгүй. Тавхан айлыг орон сууцтай болгохын тулд улс дөрөв, таван тэрбум төгрөг гаргаж, дэд бүтэц тавих шаардлагагүй. Зорилтот бүлэгтээ хүрэхгүй, тавхан хүнд байр өгөөд үлдсэнийг нь ашиг гээд зарж болохгүй. Үгүй бол 95 байртайнх нь төлөө татвар авдаг болох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд 20 хэсэгчилсэн талбайд тендер зарласан. Нэг ч компани оролцоогүй. “Цүнхний” компанитай нөхөд барилга барих эрх авчихаад үүнийгээ солонгос юм уу, хятадуудад зарна гэж мөрөөддөг байх. Банкууд ийм хүмүүст юу гэж зээл өгөх вэ дээ. Зарим компани иргэддээ байр өгөх нь битгий хэл, орох оронгүй болгочихоод түрээсийн байрны төлбөр ч өгөөгүй байсан. Удаа дараа шаардлага тавьсан иргэдийг залгахаар утсаа ч авахаа больсон байгаа юм. Тиймээс ажил гүйцэтгэж буй гэх 34 компанийн захиралтай нэгбүрчлэн уулзсан. 100 айлын орон сууцны нэгхэн барилга барьсан бол ядаж 30 айл оруул гэх шаардлага тавьсан” хэмээсэн юм.

Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах богино хугацааны ажлаас гадна дунд, урт хугацааны бүтээн байгуулалтууд С.Амарсайхан даргын үед урагшлах нь битгий хэл ийнхүү царцжээ.

Тэгээд ч хоёр, гуравхан өрхийн газрыг чөлөөлж, ганц нэгхэн шовгор байшин барьж, үүнийгээ улсын төсвийн мөнгөөр дэд бүтцэд холбуулдаг гэх О.Мөнгөншагай даргын хэлсэнтэй ижил агуулгатай зүйл ярих хүн олон таарсан. Хувийн хэвшлийнхэн улсын төсвөөр, бүр тодруулбал, ард түмний татварын мөнгөөр дэд бүтцээ татсан бол ашиглалтад оруулсан орон сууцныхаа 40-50 хувьд иргэдийг оруулах ёстой хэмээн хэлэх иргэн ч байна.

Уг нь дэд бүтэц тавихаар төлөвлөсөн 20 тэрбум төгрөгийн цөөнгүй хувийг Баянзүрх дүүрэгт барьж буй барилгад, үлдсэнийг Сонгинохайрхан дүүрэгт хуваарилсан байж. Харамсалтай нь, дарга нарын үзэмжээс болж эл ажил цуцлагдсан гэх. Барилгын ажил нь 90 хувьтай байгаа компаниудад дээрх мөнгөнөөс олгоё гэсэн санал гарсан ч атга шороо ухаагүй компанид эл мөнгийг өгөхөөр улайрсан тохиолдол гарсан гэнэ. Ийнхүү хотынхон өнөө жил 3417 айлын орон сууц ашиглалтад оруулна хэмээн амласан ч, зорьсон ажлынхаа багахан хэсгийг ч нугалж чадаагүй, өөр хоорондоо эвдрэлцэж сууна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)