Гандан орж таван залуутай "СОХОР болзоо"-нд явсан нь

“Навч унахад намар зүгээр л шалтаг байсан” гэдэг шиг таван залуутай уулзахад тагтаа зүгээр л далим байв уу гэж асуух нэгэн ч байж болох юм. Санаатай бөгөөд санамсаргүй байдлаар яагаад ийшээ халтираад орчихсон талаараа өмнөх бичвэртээ дурдсан тул шууд гол бичвэр лүүгээ оръё.

"Сүн Ү Күн шиг залуутай" тагтаа хамт хооллосон нь:

Эхний болзсон залуугаа Сүн Ү Күн гэж нэрлээд байгаа. Хамт тагтаа хооллоё гэсэн постон дээр минь хамгийн түрүүнд хариу өгч "Танихгүй ч гэсэн уулзаад үзье сонирхолтой байна" гэж хэлсэн нүүрэмгий залуу байгаа юм. Үнэндээ фэйсбүүкийн л найзаас хэтрэхгүй тул би сэрэмжлэн зургийг нь найзынхаа чат руу хүртэл явуулсан гэж байгаа. Одоо бодсон чинь тэгэх огт шаардлагагүй байсан мэт санагдаж байна. Ү Күнд нэг таяг байдаг шиг түүнд нэг гар утас байдаг. Цайвар царайтайн дээр сахал нь мөн шаргал туяатай учир нээрэн л төстэй. Анх уулзахад мэнд мэдэв үү үгүй юу утсаараа яриад зогсчихдог байгаа. Гэрээ хэлцэл, гарын үсэг гээд л мань хүн томоо том. Магадгүй чухал ажил гарсан ч юм бил үү надад нэг их хамаагүй тул энэ хооронд нь будаагаа авахаар гандангийн урд талбайд очлоо. Будаа зардаг хүмүүс өөдөөс ирээд “Минийхийг авчих тэгэх үү, минийхийг л дээ” гэж шидэх шахам гар дээр тавиад, хэрэгтэйгээс хойш хоёрыг авчихъя гээд авав. Цаанаас нь бага ангийн сурагч болов уу жоохон хүүхэд “эгчээ минийхийг авчих” гэнэ. Хоёр будаатай би яах вэ гээд эргэлзэж байтал нэг эмэгтэй "Наадах чинь ээжгүй хүүхэд байгаа юм. Будааг нь авчхаач буян болно шүү" гэв. Эвий нээрэн ч тийм юм болов уу гээд нэгийг автал сандал дээр сууж байсан эмээ “Иш муу ёртой хүүхэн шүү. Өөрөө төрсөн ээж нь юм байж хүүхдээ ээжгүй гэж байдаг. Чиний өгсөн мөнгөөр архи л авч ууна даа наадах чинь" гэдэг юм байна. Авах тусам цаана нь дахиад авахгүй бол болохгүй байдалд хүргэх хэцүү амьдралаа өрөвдүүлж сурсан хүмүүс байх ажээ. Энэ байдлаас санаа суун дараа дараагийн удаад эмээгээс л авч байя даа гэж бодоход хүрэв.

Ү Күн сая л утсаараа ярьж дуусан "Ийм ядаргаатай хүмүүс дунд яаж тухтай тагтаа хооллодог юм" гээд нэг авсан будаагаа хайнгадуухан цацаад машиндаа суучихлаа.

Баахан будаатай болчихсон би баян айлын хүүхэд шиг л асгаж байгаа юм чинь. Харин будаа унах чимээнээр далавчтай найзууд маань урамтай гэгч нь цугларна. Тэднийг хооллосны дараа Ү Күн одоо өөрсдөө хооллох уу гэсэн ч би гэрээсээ идэх юмтайгаа ирсний дээр түүн шиг завгүй залуугийн цаг завыг дахин үрэхийг хүссэнгүй. Бусад уулзсан залуустай харьцуулахад хамгийн бага ярилцсан ч түүнийг өөрийн дааж авсан ажилдаа санаачлагатай, хичээл зүтгэлтэй сайн залуу байхаа гэж дүгнэсэн.

Залуу сэтгэлгээтэй, хүндэлдэг ахтай тагтаа хооллосон нь:

Уулзах таван залуугаа сонгохдоо олон ах, олон дүү хүнтэй уулзвал сонирхолтой байж магадгүй гэж бодсон юм. Тэгээд хүндэлж явдаг ахтайгаа хамт тагтаа хооллохоор тохирлоо. Угаасаа танихгүй, олон ах хүн надад өөр олдохгүй юм билээ. Гэхдээ энэ хүн маш залуу сэтгэлгээтэй бөгөөд хамт байхад үеийнхээ найзтай хамт явж байгаа юм шиг л санагдсан. Зарим хүний дэргэд биеэ бариад өөрийнхөөрөө байж чаддаггүй бол энэ хүн цаанаа л нэг харьцахад амар энгийн хүн.

Бид хоёр тагтаа хооллож байгаа бие биенийхээ зургийг ээлжлэн дарж өглөө. Зурган дээр бид хоёр биш тагтаа л гоё гарсан байна. Таньдаг хүнтэйгээ уулзах өмнөх уулзалттай харьцуулахад хавьгүй чөлөөтэй. Адаглаад л “та миний зургийг дахиад дараад өгчих би муухай гарчхаж” гэж нэрэлхэлгүй хэлж чадаж байгаа юм чинь. Ах маань надтай дүүгийн хувиар л харьцаж, зааж зөвлөдөг сайхан сэтгэлтэй түшигтэй хүн байгаа юм. Бид нэг мэргэжилтэй тул дэлхий ертөнцөд болж байгаа сонин содон мэдээ мэдээллийн талаар, ажлынхаа сайхныг мөн тагтаа хооллох мэдрэмжийн талаар ярилцлаа.

Тагтаа гэдэг амьтан энх тайвны бэлгэдэл гэх сайхан тодотголтой ч бас л их бэлэнчлэх сэтгэлгээтэй амьтан шүү. Бидний амьдарч буй нийгэмд ч бас хүмүүс нь халамжийн мөнгө, боломжийн нөхцөлтэй зээл харан горьдон суух нь гандангийн тагтаа нараас ялгарахгүй мэт санагдаж байгаа талаараа ярилцлаа. Ах тагтаа хооллохоор буян хураадаг юм билээ. Бодвол эд нар урд насны буянтай амьтад биз. Харин бид бэлэн юм амаа мэдэхгүй идэж байж дараа төлөх үйлийн үрд унах аюултай ч байж болох юм хэмээн ярилцав. Гандангийн уур амьсгалд автаад ч юм уу бид хоёр үйлийн үр хүртэл яриад одоо бодоход чухам л гэгээрэх дөхөж дээ.

Од залуутай тагтаа хамт хооллосон нь:

Тагтаа хамт хооллоё гэсэн постон дээр лаяк дарчхаар нь л уулзаж болох байх гэж бодсон нь их том эндүүрэл байсан шүү. Хэнтэй нь уулзах вэ гэж лайкласан хүмүүсийнхээ фэйсбүүк рүү орлоо. Тэгсэн нэг залуугийн зураг нүдэнд тусаад... Ковер зураг дээрээ DJ хийгээд зогсож байсан. Дандаа л албаны, оюунлаг хүмүүстэй уулздаг надад хөгжмийн хүн сонирхолтой санагдсан юм. Зориг гаргаад л тагтаа хамт хооллох уу гээд биччихлээ. Тэгсэн өөдөөс "айн ойлгосонгүй" гэдэг юм байна. Би ч бантаад л өө яана аа хүн андуурчихжээ гэсэн. Тэгээд л таг. Од ах нар байдалд хийчих гээд их хэцүү.

Дараа нь бас нэг од залуу. Фэйсбүүк нь бол гоё биш л дээ. Бараг зураггүй. Гэхдээ бичсэн пост нь амьдралыг харах өнцөг нь ямар өөр гээч. Түүний талаар би найзаасаа сонсож байсан юм. Гэртээ зөндөө олон муур нохой тэжээдэг. Ном их уншдаг. Оюутан байхдаа семинараа тавьж байгааг нь хараад оюутан багшгүй аманд нь орчих шахдаг, яриа хөөрөөтэй тэгсэн мөртлөө нууцлагдмал, хоол идэж байгааг нь дөрвөн жил хамт сурсан найз нь ч хараагүй гэсэн. Тийм нэг өвөрмөц хүүхэд. Би уулзаж үзмээр санагдаад санал тавьсан чинь зөвшөөрчхөөр нь их баярласан. Уулзах өдрөө бүр юу ярих талаараа бодон асуулт хүртэл бэлдэж очсон гээч. Тэгсэн болзсон өдрөө ирээгүй, би гадаа цаг хүлээж ганцаараа тагтаа хооллосон. Намайг мартчихсан гэнэ лээ. Тэгээд зөндөө их уучлалт гуйгаад би зүгээрээ гэж хариулсан ч гэсэн үнэндээ надад зүгээр байгаагүй ээ. crying

Гомдоод жоохон гутраад дахиад хүнтэй уулзмааргүй санагдаад байж байтал нөгөө DJ залуу тагтаа хооллох уу гээд дөрөв хоногийн дараа над руу юм бичиж байгаа юм даа. Би ч гайхаад л баярласан мөртлөө “айн ойлгосонгүй” гэж өөрийг нь дуурайгаад бичээд байгаа юм. Тэгсэн чамтай тагтаа хоолломоор байна аа гэсэн. Би ч жоохон үнэд орж байгаад л уулзахаар болоод гандан дээр очлоо. Манай хүн түрүүлээд оччихсон тагтаа хооллоод л сууж байна. Тэгснээ бүр гаран дээр нь тагтаа гараад суучихсан байдаг юм. Би уг нь гурван өдөр илүү тагтаа хооллосон туршлагатай байхад минийх дээр суухгүй чинийх дээр суучихсан байх юм. Гоё юм өө гээд байж байсан чинь миний гарын шуун дээр ирж суугаад би бөөн баяр. Тэгээд бид хоёр тагтаа, дуу хөгжим, амьдралын талаар яриад. Мань эр яг ч DJ биш л юм байна лээ. Солонгос улсад ажиллаж байхдаа нэг рестораны Зохион байгуулагч хийдэг байж. Тэгээд л загвардаад зургаа авхуулчихсан байгаа юм. Төсөөлж байснаас бага зэрэг өөр ч гэсэн цэвэрхэн загварлаг сайхан л залуу. Үсчин юм билээ. Тэр ажил үйлс нь бүтэхгүй байгаа юм шиг санагдвал үе үе тагтаа хооллодог гэнэ. Сүртэй шүтлэгтэй биш ч гэсэн тагтаа хооллохоор сэтгэл санаа онгойгоод явчихдаг гэхийг нь сонсоод нээрэн л хүн сэтгэлийн амьтан даа гэж бодоход хүрэв. Намайг ажил дээр хүргэж өгөөд л болзоо маань өндөрлөсөн. Миний бодлоор одод холоос илүү үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.

Нялх ногоотой тагтаа хамт хооллосон нь:

Хоёр мянгаад оны хүүхэдтэй уулзаж үздэг л юм байна. Дүү хүүхэдтэй уулзана гэж бодоод хайсан чинь инээд хүрээд болдоггүй. Төрсөн дүү маань 12-р ангийн сурагч юм л даа. Дүүгийн минь танил бөгөөд хэдий надаас олон дүү ч гэлээ сургуульдаа бол охидуудыг хуйлруулдаг нэг сүрхий хүүхэд санаанд оров. Тэр хүүхдэд дүү маань өгөх ёстой байсан нэг зургийг өгөх далимдаа тагтаа хамт хооллох уу гээд асуутал дуртай зөвшөөрч байна. Зөвшөөрнө гэдгийг нь ч гадарлаж байсан л даа. Намайг эгээ эгээ гээд сүйд байдаг хүүхэд байгаа юм.

Тэгээд хамт тагтаа хооллохоор дахиад л гандангийн зүг явлаа. Нээрэн гандангийн тагтаанд өгдөг будаа нь хөх тариан талбайн хаягдлыг хураан уутлаад зардаг юм билээ. Нөгөө будааг нь авахгүй бол гуйна, уурлана, гар луу шиднэ, жүжиг тавина янз бүр болно оо эд нар. Тэр өдөр будаа авч заншсан эмээгээсээ анх удаа гойд их санаа зовлоо. Хэд хоноод л нэг залуутай яваад байсан болохоор харц нь асуултын тэмдэг шиг л намайг төөнөсөн юм даг. Анх удаа болзож байгаад аавдаа баригдчихсан охин шиг л мэдрэмж авч билээ. Би чинь уг нь ийм биш ээ гээд дотроо орилж байсан ч гаднаа юу ч болоогүй юм шиг будаа авдгаараа аваад явсан.

Ядаж байхад манай жоохноо надаас өндөр том биетэй. Ярьж байгаа нь ч их хөөрхөн. ЭЕШ-аа бэлдэж байгаа талаараа, аав ээжийнхээ яаж танилцсаныг гээд их юм ярьсан. Мөн тэр гэрийнхээ цонхны тавцан дээр тагтаа хооллодог ресторантай. Тэдний мэнюнд нь ганц будаа бус олон төрлийн хоолны үлдэгдэл бүхий хачир байдаг тул олон үйлчлүүлэгчидтэй гэнэ. Намайг та хоол идмээр байна уу яамаар байна, таксиных нь мөнгийг би төлөх үү гээд л жоохон хүүхэд гэхэд их хөөрхөн халамжтай. Үеийнх байсан бол хөөрхөн залуу гэж харах байсан ч байж манай дүүгийн үе гэж бодохоор би намба заагаастай. Ямартай ч бусад залуустай харьцуулахад энэ хүүхэд надтай гойд хүндэтгэлтэй харьцсан юм.

Хамгийн инээдтэй байдалтай тагтаа хооллосон нь: http://unuudur.mn/article/104360 (Бичвэрээ эхлүүлсэн шалтгаан болон хамгийн сүүлийн болзоог линк дээр даран үзэх боломжтой)

Сунжирсан урт нийтлэлийг минь энэ хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа. Цаашдаа тагтаа хооллохоосоо илүүтэй, тагтаагийн номнуудыг уншихад илүүтэй цаг зарцуулна гэж бодож байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)