Гандангийн дэнжийг дахин төлөвлөнө

Дөрвөн жил болж буй ч дорвитой үр дүнд хүрээгүй Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн ажил энэ онд эхэлж магадгүй нь. Эхний ээлжинд Баянгол дүүргийн XVI хорооны “Орхон”-ы 2-4 дүгээр гудамжны 68 өрхийн газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Нийслэлийн удирдлагууд 2013 онд уг байршлыг дахин төлөвлөхдөө иргэдийн газрыг орон сууцаар солих санал гаргаж байв. Харин иргэд дэд бүтцэд холбогдсон амины орон сууцтай болохыг илүүд үзсэн учир уг ажил гацаад байсан юм. Тэгвэл энэ удаа аж ахуйн нэгжүүдээс төсөл шалгаруулах аж. Иргэдийн сонирхолд нийцсэн, тухайн орчмын онцлогт тохирох төсөл санал болгосон аж ахуйн нэгжээр төлөвлөлт хийлгэнэ гэсэн үг.

Уг саналыг дэмжиж, газраа чөлөөлөхийг дэмжсэн эхний 68 айлын 17 нь түр суурьших байрандаа нүүж оржээ. Гандангийн дэнж бол Монголын шашны төв, түүхэн дурсгалт газар учир хэв шинжийг нь алдагдуулахгүйгээр аж ахуйн нэгжүүдэд ашигтай төлөвлөлт хийнэ гэдгийг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар онцлов.

Тухайлбал, жуулчдыг Гандантэгчэнлин хийдийн төв хаалгаар нэвтрүүлж, баруун талаар гаргах зохион байгуулалт хийх аж. Жуулчид энэ хоорондох 280 метр газар явган алхах бөгөөд замд нь худалдаа үйлчилгээний цэг, бэлэг дурсгалын дэлгүүр байрлуулах гэнэ. Мөн хуучны уран барилгын хэв, хийцийг агуулсан том хаалга, хөшөө зэргийг хийхээр төлөвлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)