Галын улмаас хоёр хүний амь нас хохирч, 15 айл орон гэргүй боллоо

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аравдугаар сарын 30-ны үдэш Баамын ногоон гэх хуучны орон сууцны барилга шатсаны улмаас хоёр хүний амь нас хохирч,15 айл орон гэргүй болж, ачааны том оврын нэг машин өртжээ. Амиа алдсан хоёр хүний нэг нь өндөр настан, нөгөө нь түүний ач хүү бөгөөд уг барилгын эзэнтэй ах дүүсийн холбоотой байсан аж. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ууганбаяраас тодруулахад “Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. Уг барилга нь дээр үед дунд сургуулийн сурагчдын дотуур байр байсан, шилэн хөвөн дулаалгатай модон барилга. Эхэндээ 10 айл орон гэргүй болсон гэж үзэж байсан ч, тэнд 15 айл амьдарч байгаад галын улмаас орох оронгүй болсон нь тогтоогдож байна. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг 40 гаруй сая төгрөг гэж дүгнэж буй юм билээ. Гэхдээ цаашид өсөх буурахыг шалгалтын явцад тогтоох байх. Аймгийн ИТХ, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэг хамтран орон гэргүй болсон айл өрхөд тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна” гэлээ.Галын улмаас уг барилга юу ч үгүй шатсан бөгөөд зарим хохирогч “Гал гарахын өмнөхөн нэг өрөөнд нь хэдэн хүмүүс архидаж байсан. Тэд гал алдсан байж болзошгүй гэж үзэж байна” гэсэн бол өөр нэг хэсэг нь цахилгааны богино холболтоос гал авалцсан байх гэх мэдээллийг бидэнд өгөв. Уг барилгын эзэн О-той холбогдоход “Шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй болохоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)