Галын улмаас зургаан настай охин амь насаа алджээ

Өчигдөр Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан автомашин уруудах замдаа онхолдож замын хажуу руу унан шатаж байна гэсэн дуудлага 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиход “Норд Бенз” загварын том оврын автомашин, 4 автомашин, 1 мотоцикл шатаж байжээ. Онцгой байдлынхан 32 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. 

Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин Х нарын хоёр хүн өртөж нас баржээ. Түлэгдэж гэмтсэн 16 иргэнийг Их тамир сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн эмчилж байна. Тэднийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт хөөрч, 07:15 цагт Архангай аймагт газардсан байна.

Дээрх шатахуун тээвэрлэх автомашин нь “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн өмч бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 35,970 литр бензин тээвэрлэн явж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (44)