Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ

Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б нь Монгол Улсын хилээр 23 кг дэрвэгэр жиргэрүү гаргахыг завдсан хэргийг Замын-Үүд дэх өргөн төмөр замын гаалийн ажилчид өчигдөр илрүүлжээ. 

Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүүг Улаанбаатар - Эрээн өөрийн хариуцсан галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл болон ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт хуваан нуусан байжээ. 

Энэ ургамал экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ургамал юм. 

Ташрамд сануулахад, БОНХАЖ-ын сайдын тушаалаар дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл таван жилийн хугацаанд хориглоод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)