Галт зэвсгийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын өчигдрийн чуулганаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсгийн ангилал, хадгалалт хамгаалалт, сум түгээх худалдах асуудал, байлдааны сум зэвсгийг ан агнуурт ашиглахыг хориглох, харуул хамгаалалтын алба галт зэвсгийг хэрхэн хэрэглэх асуудлыг зохицуулах аж. 1990 оноос хойш хувь хүмүүсийн гар дээр очсон байлдааны зориулалттай галт зэвсгийг буцаан хураах, худалдан авах тухай асуудлыг тусгах, ангийн нийгэмлэгийн шугамаар буу, суманд хяналт тавих, галт зэвсгийг хадгалах, бүртгэх талаар гишүүд асуув.

Монгол Улсад одоогоор 40 гаруй мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж. Үүний 9500 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ. УИХ уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)