Г.АЛИМАА: БИ ЭРЧҮҮДЭЭС ЯЛГААГҮЙ ХӨӨМИЙЛДӨГ

“2000-аад оноос хойш бүсгүйчүүд хөөмий сонирхож буй ч хөөмийлж буй эмэгтэй гарын таван хуруунд багтахаар цөөхөн бий. Г.Алимаа бол миний мэдэх мэргэжлийн төвшинд хөөмийлсөн анхны эмэгтэй” гэж Монгол хөөмийн холбооны тэргүүн А.ЦэдэнИшийн ярьснаас үүдэн анхны эмэгтэй хөөмийч Г.Алимаатай өчигдөр 13.30 цагт “Утасны анд” холбогдлоо. Тэрбээр 1996 онд “Хөөмийн дөрвөн холбоо” аялгуугаа Монголын радиод бичүүлсэн юм.

-Уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?

-“Монгол хөөмийн дөрвөн холбоо”, “Говийн өндөр” монгол ардын дууны аялгуу хоёртоо клип хийлгэсэн. Удахгүй телевизээр цацна.

-Та Монголын анхны эмэгтэй хөөмийч байх аа?

-Намайг залуу байхад эмэгтэй хүн хөөмийлж чадахгүй гэдэг ойлголт байлаа. Эмэгтэй хүний хоолойн хүч хөөмийлөхөд хүрэлцэхгүй гэсэн шинжлэх ухааны судалгаа, дүгнэлт байлаа шүү дээ. Тэр үед оролдоод үзэхэд болмоор юм шиг санагддаг байлаа. Тэгээд л энэ чадвараа хөгжүүлж, эмэгтэй хүн хөөмийлж болдгийг харуулсан. Надаас өмнө Монголд эмэгтэй хөөмийч байгаагүй. Би хөөмийлж, араасаа олон дүү дагуулсан. 2002-2003 оноос бүсгүйчүүд хөөмий сонирхож, хөөмийлж эхэлсэн.

-Эрэгтэй, эмэгтэй хүн хөөмийлөхөд ялгаа байдаг уу?

-Бараг ялгаагүй дээ. Хархирахад ямар ч ялгаа байхгүй. Сайн мэддэг хүн сонсвол эмэгтэй хоолой арай шингэн сонсогддог. Би хөөмийн дөрвөн төрлөөр эрчүүдээс ялгаагүй хөөмийлдөг.

-Та хөөмийн цомог гаргасан гэл үү?

-Ардын дууны хэд хэдэн аялгууг хөөмийлж, цомог гаргасан.

Х.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)