“Газрын эзэн”-ий БАЯЛАГ АМЬДРАЛ

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг нь импортолдог. Ялангуяа хүнсний ногоо, жимс, жимсгэнийг БНХАУ-аас оруулж ирэх нь элбэг. Харин сүүлийн жилүүдэд цөөнгүй хүн эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж, борлуулж эхлээд буй. Үүний нэг жишээ нь, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэр ч бүү хэл эмийн үнэт ургамал тарьж, борлуулдаг “Чандмань жимс” компанийн ерөнхий агрономич С.Тунгалагийн нэг өдрийг сурвалжиллаа. Тэрбээр Улаанбаатар хотын төвөөс 60 орчим километрт байрлах Туул тосгонд аж ахуйгаа эрхэлдэг аж.

06.00 цаг. Тэдний хашааны гадна очиход л тахиа нь донгодож, үүр цайсныг илтгэж байлаа. “Агрономич хүнд өглөө унтах эрх байхгүй” хэмээн ярих С.Тунгалаг аль хэдийнэ ногооныхоо талбайд гарчээ. 15 га газарт долоон хүлэмж байгуулснаас гадна гурван хэсэг задгай талбайд ногоо тарьсан байв. Өглөө бүр 05.00 цагт босон, талбай, хүлэмжээ эргэж тойрч, хэрхэн хоносныг нь шалгадаг гэнэ. Мөн жимс, ногооны хажуугаар ургасан зэрлэг ургамлыг нэгбүрчлэн түүж, хураах ургацаа шинжинэ. Үүний дараа туслах ажилчдаа сэрээж, ургац хураах ажлаа эхлүүллээ. Энэ өдөр зөвхөн өргөст хэмх хураах аж.

Хүлэмжийн өргөст хэмхийг жилд хоёр удаа, харин задгай талбайнхыг нэг удаа хураадаг. Ургасан өргөст хэмхийн навчийг хүлэмжийн таазнаас олсоор татаж уян, багана хэлбэртэй болгожээ. Босгож уясан ишинд өргөст хэмх сагсайтал ургаж, ёстой л болц нь гүйцсэн харагдав. Үүний хажуугаар ургаж гүйцээгүй жижиг нь ч байв. Тэрбээр голланд үрийн урт, богино гэсэн хоёр төрлийн сортын өргөст хэмх тарьдаг бөгөөд энэ удаад урт сортоос 30, богиноос нь 50 кг-ыг хураалаа.

Болц нь гүйцсэн ургацаа хурааж, арай болоогүйнх нь хажуугийн зэрлэгийг цэвэрлэж дуустал хоёр цаг шаардагддаг аж. Өргөст хэмхийн хоёр хүлэмж байх бөгөөд өнөөдөр ургацыг нь хураасан талбайгаа маргааш нь амраадаг гэнэ. Үүний дараа савлаж, баглах ажилтай. Сайтар угааж цэвэрлэсэн өргөст хэмхээ нэг, нэг ширхгээр нь хүнсний гялгар уутаар бүрж, хаяг шошгоо наана.

10.30 цаг. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гар дээр очиход бэлэн болгоод, цэнхэр өнгийн “Toyoto probox” маркийн машинд ачин, хотын төв рүү хөдөллөө. Тэрбээр шинэхэн ногоо, жимсээ “Номин холдинг” компанийн 14 салбарт түгээдэг бөгөөд энэ өдөр хураасан 80 кг өргөст хэмхээ Улсын их дэлгүүр, “Наадам центр”-т байрлах салбарт нь хүргэж өгөхөөр явж буй нь энэ.

С.Тунгалаг Сүхбаатар аймагт төрж өссөн бөгөөд наймдугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн техникумд элсэн суралцаж, улмаар 1989 онд Хөдөө аж, ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн аж. Түүнээс хойш Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгаар явж, элсэрхэг хөрсөнд хэрхэн тариалан эрхлэх талаар судалжээ. Мөн Баянхонгор аймгийн Боловсролын газрын Насан туршийн боловсролын төвд мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухааны хичээл хариуцсан мэргэжилтнээр таван жил ажилласан гэнэ.

2008 оноос Туул тосгонд мод үржүүлгийн ажлаар газар тариалангаа эхлүүлсэн тэрбээр өдгөө өвлийн хүлэмжинд гүзээлзгэнэ, өргөст хэмх, зуныхад нь нарийн ногоо, задгай талбайд эмийн ургамал, төмс, сонгино тариалдаг болжээ. Тариалангийн ажил эрхэлснийхээ дараа “Хонгор говь” ТББ-д нэгдэж, Барилгачдын талбайд мод, бутны үзэсгэлэн худалдааг анх санаачлан зохион байгуулж байжээ. Мөн ногоон ажлын байр бий болгох, хотын ногоон бүсийг зүлэгжүүлэх гээд нийгэмд тустай хөдөлмөр цаг, минут тутамд хийж байсан гэнэ.

15.00 цаг. Товлосон цэгүүддээ шинэ ургацынхаа дээжийг хүртээгээд, талбайдаа буцаж ирлээ. Уг нь замын түгжрэл бага бол Туул тосгон, хотын төв хоёрын хооронд 30 минут явдаг аж. Харин энэ өдөр түгжрэл их байлаа. Зарж байсан гүзээлзгэний үрсэлгээгээ буцааж авчрах хэрэг гарсан тул үрслүүлсэн 20 гаруй гүзээлгэнийг машиндаа ачиж авчирсан юм. Ногоогоо түгээж дуусгаад талбайдаа ирэхэд С.Тунгалагийн туслах ногоочид зэрлэг ургамлыг нь зулгааж байв. Өдөрт 5-6 цагийг уг ажилд зарцуулдаг гэнэ. Хогийн ургамал бороо орсны дараа их хэмжээгээр ургана. Тиймээс дор бүрт нь зулгаахгүй бол тарьж буй жимс, ногоо хорхойд идэгддэг муу талтай аж.

Хүлэмжийн хажууд 15x1 метрийн хэмжээтэй газар зузаан гялгар уутан дээр хэсэгхэн шороо асгажээ. Энд чийгийн улаан хорхой үржүүлдэг. Чийгийн улаан нь био ялзмагийн бордоо гаргадаг ач тустай шавж юм. “Манай улс шиг мал аж ахуй ихтэй улсад био ялзмагийн бордоо бэлтгэх бүрэн боломжтой. Үхрийн баасыг шороотой хольж асгаад чийгийн улаанаар идүүлэхэд хаана ч байхгүй био ялзмаг “үйлдвэрлэдэг”.

Био ялзмагаар бордсон хөрс ургацын хэмжээг 40-60 хувь нэмэгдүүлдэг” хэмээн С.Тунгалаг ярьсан юм. Хэсэгхэн газар асгасан шороонд нэг сая ширхэг чийгийн улаан байх аж. Үхрийн баастай хольж асгасан шороог бордоо болохоор нь чийгийн улаан хорхойг нь шигшиж авдаг юм байна. Ингэж чийгийн улаан, бордоо хоёроо ялгасны дараа дахин үхрийн шинэ баас, шороо авчирч, хорхойгоор идүүлэх гэх мэтчилэн өөрсдийн үндсэн бордоогоо үйлдвэрлэж авав. Туул тосгонд үхэртэй айл олон тул тэдний тариалангийн үндсэн бордооны түүхий эд хаяагаар нь л хөглөрдөг аж.

17.10 цаг. Гадаа 25 градусын халуун, хурц нар төөнөж байхад зуны хүлэмж дотор 35 градусын халуун байв. 30 шоо метрийн хэмжээтэй эл хүлэмжинд герман сортын, үртэй улаан лооль тарьж буй аж. Үртэй улаан лооль нь хүний биед илүү сайн гэдгийг С.Тунгалаг хэлсэн. Хүлэмж бүгчим, халуун байдгийн учир нь ургасан улаан лоолийг улайлгах нэг төрлийн технологи гэнэ. Багшралдаж, бөөнөөрөө ургасан лоолиуд дотор улайсан нь тун цөөхөн харагдав.

Тиймээс цонх хаалгыг нь онгойлгохгүй орхиж, дулааны хүчээр улайлгаж буй нь энэ аж. Тэрбээр “Захуудад зарж буй улаан лоолийг харахад час улаан байдаг. Янз бүрийн бүтээгдэхүүн цацсан, химийн бордоогоор бордсон байгаа нь тэр. Манай монгол тариаланчдынх бол улаан, шаргал өнгө холилдсон байдаг. Хэрэглэгчид түүнийгээ ялгаж, таньж чаддаг болчихвол эрүүл мэндэдээ үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг” гэлээ.

“Миний өргөст хэмх халуураад” гэх үг анхаарал татлаа. Хүүхэд нь өвдсөн эх хүн л ийм өнгө аястай ярих байх. Гэтэл тэрбээр тарьж буй өргөст хэмхийнхээ навчийг бариад зогсож байв. Шар цоохор болсон навч харуулж, “Халуураад, эмчилгээ хийгээд одоо эдгэсэн нь энэ. Өвчлөөд, халуураад эхлэхээр нь ургамал хамгааллын бодис цацаж эмчилдэг. Тэр нь ургацад ямар ч нөлөө үзүүлдэггүй.

Хүүхдийг өсгөхөд хэдэн сартайд нь хоол өгч эхлэх, бантанд нь юу, юу хийвэл сайн гэх зэрэгтэй адил нарийн ажиллагаа, арчилгаа шаарддаг. Ургац ихсэх тусам баярлаж, хураачихаад л суугаад байж болохгүй. Тэр тусам усалгааны горимоо нарийн ажиглаж байж тохируулах ёстой” гэлээ. Өвлийн хүлэмжинд гүзээлзгэнэ тарьдаг бөгөөд хоёрдугаар сараас жимсээ өгч эхэлсэн тус талбай одоо л “амралтаа авч” буй гэнэ. Өөрөөр хэлбэл, дөрвөн сарын турш ургацаа хурааж, өнгөрсөн сараас хөрсийг нь амрааж буй аж.

18.30 цаг. Зуны хүлэмжинд өргөст хэмх, улаан лоолиос гадна амтат чинжүү, салатны навч, бууцай тариалдаг. Энэ өдөр их халуун байсан тул тэднийг услах шаардлагатай болов. Байшингийнхаа хажууд гүний худаг гаргажээ. Нийт 15 га талбайд тариалан эрхэлдэг тул тус бүрт нь урт хоолой гаргаж усаа татдаг. Уг нь нэг хүлэмжинд нэг тариаланч ажиллах ёстой ч энд долоон хүлэмжинд хоёрхон ажилчин бий.

Тэд өглөөнөөс орой болтол талбайд хийх шаардлагатай бүхнийг амжуулдаг. С.Тунгалаг талбайдаа ажиллуулж буй ажилчдаа нэгбүрчлэн дагуулан явж сургадаг бөгөөд нэг нь 13 настайгаасаа дагалджээ. Зуны амралтаараа ирж ажилладаг тэрбээр энэ жил дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэнэ.

С.Тунгалаг хүнсний ногоо, жимснээс гадна эмийн ургамал тарьдаг гэдгийг сурвалжилгын эхэнд дурдсан. Задгай талбайд, элсэрхэг хөрсөнд эмийн ургамал тарьж буй нь түүний олон жил говьд ажилласантай нь холбоотой. Тэрбээр элсэнд юу ч ургаж болохыг харуулахыг зорьдог гэнэ. Гүргэм, ганга, бонго, гаат, чихэр өвс гээд эмийн ургамлыг тэрбээр анх удаагаа тарималжуулжээ. “Эхний жилээсээ ургацаа өгч эхэлдэг юм байна.

Агрономич хүний хамгийн их баярладаг зүйл бол анхны цэцэг дэлбээлээд эхлэх мөч шүү дээ. Энэ жилийн хувьд эмийн ургамлыг анх удаа тариалж буй учраас ургахад нь их баярласан. Байгалийн үрийг түүж тарьсан учраас бүгд ургах боломжтой. Мөн энэ жил байгаль өөрөө услаад өгчихсөн учраас арчилгаа нэг их шаардаагүй. Би аль болох элсэрхэг, хөнгөн хөрсөнд ногоо тарихыг хичээдэг. Урьд нь зөвхөн Ховдын тарвас гэдэг байсан бол одоо Өмнөговийн тарвас их хэмжээгээр зарагддаг болсон байна. Ер нь хөрс хөнгөн байх тусмаа ургамал сайн ургадаг. Миний хийх гэж зорьсон бүгд өгөөжөө өгч байгаа” хэмээн баяртайгаар ярьж байсан юм.

“Манай улсад БНХАУ-аас ногоо их хэмжээгээр орж ирж байна. Тэр бүр муу гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл тэр болгоны ард хүн ажиллаж байгаа. Яг л над шиг үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажиллаж, хөлс хүчээ шавхдаг нөр их хөдөлмөр учраас муулж чадахгүй. Зарим нь болцыг нь түргэсгэх гэж химийн бордоо цацдаг байх. Мэдээж хэрэг хүн бүр эрүүл мэнддээ анхаарч байгаа.

Монгол хүн нутгийнхаа хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоогоо идэх нь зөв. Монгол тариаланчдаа дэмжье, иргэдээ эрүүл хүнсээр хангая гэвэл нэг бол бүх айл тариалан эрхлэх хэрэгтэй, эсвэл зөвхөн монгол жимс, ногоо худалддаг тусгай зах байгуулах ёстой. Ингээгүй цагт бид хэзээ ч БНХАУ-аас орж ирэх жимс, хүнсний ногооноос татгалзаж чадахгүй” хэмээн тэрбээр өнөөгийн зах зээлийн талаарх өөрийн бодлоо хуваалцсан юм.

19.00 цаг. Тэд өдөрт талбай дээрээ 10-аас доошгүй цаг ажиллаж байж үржил шимтэй ургац хураан авдаг. Үүрээр эхэлсэн ажил одоо л нэг шувтарлаа. Гэхдээ оройн сэрүүнд хүлэмжийнхээ хаалга, цонхыг хаах, эргэж тойрох ажил мундахгүй. Өглөөний донгодож угтсан тахиа талбайн хорхой шавжийг түүж, ходоодоо борлуулаад үүрэндээ орлоо. С.Тунгалаг жимс ногоо тарихын зэрэгцээ гурван бүл тахиа, 20 гаруй бөднө шувуу тэжээдэг аж.

Тэднийгээ өдөрт талбайдаа тавьж, өт, шавжийг нь түүлгэдэг. Мөн нэг бүл зөгий тэжээдэг. Хүлэмжийн ургамалд зөгий тэжээх нь гадаа ургадаг ургамал агаар, салхи, шавжаар тоос хүртэж, харин хүлэмжинд байгаа ургамалд зөгийгөөр тоос хүртээх ач холбогдолтой аж. Ингэж тоос хүртсэний дараа жимс нь хурдан гардаг ажээ. Тэжээсэн шувуунаасаа өдөрт 30-аад өндөг авдаг. Намар зөгийнхөө балыг авч, хүнсэндээ хэрэглэдэг гээд аж ахуйн үйлдвэрлэл цогцоороо бүрдсэн эл хашааны нэг өдрийн амьдрал ийнхүү өндөрлөсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)