Газрын тос, занарын ӨРСӨЛДӨӨН

 

Дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны байр суурь ганхаж, үнэ нь шалдаа буугаад удав. Сүүлийн долоон сарын хугацаанд гэхэд WTI маркийн нефтийн үнэ 57 хувиар хямдарлаа. Өмнөх оны эцсээр баррель нь 70 ам.доллараас уруудсаар буй уг маркийн нефтийн үнэ “өндийх” төлөв алга. Энэ сард “Brent” маркийн нефтийн үнэ 2009 оны тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 50 “ногоон”-оос хямдраад байгаа. “Goldman Sachs”-ын ерөнхийлөгч Гэри Кон “Газрын тосны үнэ үргэлжлэн буурч, баррель нь 30 ам.доллараас доошилж магадгүй” хэмээн мэдэгдлээ. Өнгөрсөн зургадугаар сард баррель нь 115 ам.доллараар үнэлэгдэж байсан газрын тосны ханш өчигдөр 47 “ногоон”-той тэнцээд буй нь хямдралын “сүүлчийн цэг” биш бололтой. “Хар алт”-ны үнийн өсөлтөд цэг тавихад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар “The Economist” сэтгүүлд “Улс орнуудын эдийн засаг хэврэг байгаагийн зэрэгцээ ОПЕК эрэлтээс давсан газрын тос үйлдвэрлэж байна. Бас нэг гол “буруутан” нь АНУ-ын Хойд Дакота, Техас мужийн газрын тосны үйлдвэрлэгчид юм. Тэд 2010 оноос хойш занарын 20.000 орчим цооног өрөмдөөд байна” хэмээн бичжээ.

Дүгнэж хэлбэл, АНУ-ын занарын хувьсгал “хар алт”-ыг ийн шахаж буй хэрэг. Иймээс ч Саудын Араб, ОХУ сандарч, “занарын эрин”, “занарын тэсрэлт” гэдэг үг “хар алт”-наас тод сонсогдож эхэллээ. АНУ занарынхаа ачаар 2020 он гэхэд газрын тос импортлохгүй, бусад орноос хараат бус болох зорилт тавьжээ. Газрын тосны хамгийн том худалдан авагч дотоодоос хэрэгцээгээ хангаад эхэлбэл уг таваарын эрэлт үлэмж хэмжээгээр хумигдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр, БНХАУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй улсын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгаа. Дэлхийн нийт газрын тосны эрэлтийн 11 хувь ногддог урд хөршийн эдийн засаг сүүлийн 24 жилийнхээ доод түвшинд хүрээд буй юм. Өнгөрсөн таван жилд урд хөршийн эдийн засаг суларсан нь газрын тос тэргүүтэй тавааруудын үнэд сөргөөр нөлөөлснийг “Time” тэмдэглэж байна. Үүнээс гадна газрын тос, байгалийн хийн томоохон нийлүүлэгч хойд хөрш Баруун Европын зах зээлийг алдаж эхэлсэн. Европын орнууд 2025 он гэхэд ОХУ-аас авдаг бүтээгдэхүүний хэмжээгээ үлэмж багасгах зорилт тавьсан нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэд нөлөөлж байгаа билээ. АНУ занараа ашиглаж, үйлдвэрлэлийн технологийн өртгөө бууруулж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл дотооддоо газрын тос боловсруулдаггүй Монгол Улс импортоос 100 хувь хараат байдлаас гарах гарцын нэг нь шатдаг занараа ашиглах гэдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Учир нь эрчим хүчний хомсдолтой нүүр тулаад байгаа манай улс 800 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэсэн тооцоо бий. Шатдаг занар гэдэг нь кероген хэмээх хатуу байдалтай нүүрс устөрөгчийн нэгдэл бүхий тунамал чулуулаг юм. Энгийнээр тайлбарлавал, уг чулуулгийг халаахад кероген нь газрын тос болон хувирдаг гэж ойлгож болно. Манайд занарын төслүүдийн судалгаа, ТЭЗҮ хийж буй. Одоогоор төсөл хэрэгжүүлж эхэлсэн аж ахуйн нэгж байхгүй гэдгийг Монголын занарын ассоциацын гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун хэллээ. Хэдийгээр компаниуд зөвхөн хайгуулын ажил хийж буй ч хэд хэдэн аймгийн иргэдтэй нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг залхаахад хүргэж буй бололтой. Ч.Хашчулуун “Ойрын хугацаанд туршилтын жижиг үйлдвэр барьж эхлэх нь зөв. Технологи нь манайд таарна, таарахгүй гэсэн ойлголт хүм үүст бий. Судалж үзээгүй байж болохгүй гээд байвал буруу. Занараас газрын тос гарган авах технологийг гаднын орнуудад олон жил ашиглаж байгаа. Ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй шүү дээ” гэв. Мөн байгаль орчны нөлөөнөөс илүү хөрөнгө оруулагч нарт шахалт дарамт үзүүлэх тал бийг ч тэрбээр үгүйсгээгүй. Одоогоор манай улсад АНУ-ын “Жени Ойл энд Газ”-ын охин компани “Жени Ойл шэйл Монголиа” тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн, технологийн судалгаа хийж буй нь хамгийн ахицтай яваа нь аж.

Газрын гүнд цооног өрөмдөн занарыг халааж, газрын тос гарган авах in-situ технологийг дэлхий даяар цөөн компани эзэмшдэгийн нэг нь “Жени Ойл энд Газ” юм байна. Ер нь олон улсад занараас газрын тос гарган авах in-situ, ex-situ технологи ашиглаж буй. Францын “Total”, АНУ-ын “ExxonМobil”, “Chevron” зэрэг манай улсад занарын төсөл хэрэгжүүлэх сонирхолтой цөөнгүй компани бий ч өнөөдрийн байдлаар хайгуул судалгааны ажилд нь тодорхой ахиц алга. Харин дотоодын МАК компани Хөөтийн ордоос уламжлалт аргаар олборлолт явуулахаар судалж байгаа аж. Монгол Улс Газрын тосны тухай хуультай болсон ч холбогдох журмыг нь батлаагүй байгаа. Уг журам батлагдвал занар төдийгүй тослог элс, метан хий зэрэг уламжлалт бус эх үүсвэрээ ашиглахад түлхэц болох нь дамжиггүй. Дээр дурдсан журам батлагдвал гадаад, дотоодын компаниуд хөрөнгө оруулан, хайгуулын ажлаа идэвхжүүлж, бүр цаашилбал бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг үгүйсгэхгүйг Монголын занарын ассоциацынхан дуулгалаа. Манай улсад бүх машин импортын газрын тосоор “хооллож”, эрчим хүчнийхээ 10-20 хувийг бас л худалдан авч байгаа. Бид энэ байдлаас гарах ёстой, хангалттай нөөц ч бий. Гэтэл Монгол Улс газрын тос, занар, нүүрснийхээ алийг нь ч боловсруулж чадахгүй хэвээр л байна. Иймээс аль алийг нь ашиглах бодлогын алхам хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Занараас газрын тос гарган авах төсөл хэрэгжүүлбэл импортынхоос бага үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой бөгөөд улсын төсөвт ч төлөх татвар, ажлын байр нэмэгдэх юм. Нөөцөө ашиглаж АНУ шиг “хувьсгал” хийх тухай ярих нь эрт ч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, импортын хараат байдлаас гарах боломж монголчуудад бий. Нөгөөтэйгүүр, ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдулла ал-Бадри “Баррель газрын тосны үнэ 45-аас 55 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Гэхдээ уг таваарын ханш удахгүй өсөж, 200 ам.доллар болон түүнээс илүү үнэд хүрэх боломжтой” хэмээн ярьсан байна. Эрчим хүчний хараат Монгол Улсад газрын тосны үнэ өсөх нь муу мэдээ юм. Тиймээс занараа боловсруулж нефтьтэй болох нь ойрын зорилго байлтай. Манай улсад занараас нэг баррель газрын тос гарган авахад 40 гаруй ам.доллар зарцуулах тооцоо бий. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 50 гаруй хувиар буурсан ч манайд таван хувиар ч хямдраагүй. Монголын хувьд үнийн бүтэц, уян хатан биш, өсөж, буурах нь төдийлэн үгүй, зөвхөн татвараар л зохицуулж ирсэн. Тэгэхээр хэрэгцээгээ хангаж байж л дотоодын зах зээлд “хар алт”-ны үнэ “хөдлөх” бололтой. АНУ гэлтгүй бусад оронд ч ашиглах технологи нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай гээд энэ салбар луу хошуурч байгааг санахад илүүдэхгүй биз. Манай улсын занарын давхарга зузаан, бусад орныхтой харьцуулахад хүхэр бага тул сайн чанарын газрын тос гарган авах боломжтой гэдэг. Газрын тостой өрсөлдөж гарч ирж буй занарыг ирээдүйтэй зах зээл хүлээж байна. Иймээс жил тойрон хугацаа алдан, хоосон сүржигнэж суухын оронд занараа ашиглах талд анхаармаар санагдана.

Ц.БОЛОРМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)