“Газрын тос дамжуулах хоолой барих хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай”

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцлаа. Уг үйлдвэрийн дэд бүтцийн ажил болох авто болон төмөр замыг барьж дуусжээ. Өдгөө дэд бүтэцдээ түшиглэн ширмэн төмрийн үйлдвэрээ барьж буй аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монгол Улс газрын тосны нөөцийн хэмжээгээр дэлхийд 33-т жагсдаг. 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо бий. Үүнийг ашиглалтын нөөц рүү шилжүүлэх, цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” хэмээн энэ үеэр онцлов. Мөн олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолой барих санхүүжилтийг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирж ажиллах инженер, техникийн мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь бүтээн байгуулалтын ажилд саад учруулж болзошгүй аж.

Үүний дараа УИХ-ын дарга Өмнөговь аймгийн Цогтцэций сумд барьж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, 200 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Уг замын суурийн бүтцийн ажил дууссан бөгөөд дотоодын компаниуд гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа аж.

Бэлтгэсэн: Б.Анх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)