"Газрын тосны үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор гадагшаа урсах байсан 1 тэрбум ам.доллар Монголдоо "үлдэнэ""

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд нийцүүлж 255 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэснийг ЗГХЭГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Засгийн газрын өмнөх хуралдаанаар 150 га газрыг авч байсан бол нэмэлтээр 250 га газрыг авснаар нийтдээ 400 га газрыг газрын тосны үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байгаа юм.

Энэ сарын 08-ны өдөр БНЭУ-аас Газрын тосны сайд нь манай улсад айлчилна. Энэ үеэр тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцах аж.

ЗГХЭГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр "Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын ажлууд маш богино хугацаанд дууссан. Үүний дараагаар газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Харин ТЭЗҮ ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдэгдэнэ. 

Энэтхэгийн талаас 236 сая ам.доллар нэмж олгох болсноо мэдэгдсэн. Ингэснээр нийт 1 тэрбум 260 орчим сая ам.доллараар бүтээн байгуулалт хийгдэж, улмаар 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. 

Үйлдвэрийг байгуулснаар 600-700 ажлын байр бий болж, ам.долларын гарах урсгал жилдээ 20-30 хувиар буурч, төгрөгийн ханш чангарах боломжтой. Тодруулбал, 1 тэрбум ам.доллар Монголдоо "үлдэж", төгрөгийн ханш 20-30 хувиар чангарах боломжтой юм. Цаашлаад төсвийн орлого 150 сая ам.доллароор өснө гэсэн тооцоолол бий. Үйлдвэрийн ажилтнууд гэр бүлээрээ ажиллаж амьдрах боломжийг олгохоор 550 өрхийн орон сууц барьж байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)