Газрын тосны ханш хэрхэхийг ВЕНАД шийднэ


ОХУ, Саудын Араб газрын тосны зах зээлд үргэлжлүүлэн зохицуулалт хийхээ мэдэгдсэн. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн долоо хоногт уулзахдаа ийм шийдэлд хүрсэн билээ. 

Тэд олборлолтоо хэрхэхийг эцсийн байдлаар тохироогүй ч уг таваарын ханш нэмэгдэхэд нөлөөлсөн юм. АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны талаарх мэдээлэл ч газрын тосны ханшид эергээр нөлөөлжээ. 

Бас Канад нийлүүлэлтээ ирэх сараас өдөрт 325 мянган баррелиар бууруулахаа мэдэгдсэнээс болж “хар алт”-ны ханш сүүлийн таван сард байгаагүйгээр дээшлэв. Нөгөөтээгүүр, Катар улс ОПЕК-оос (Газрын тос экспортлогч орнуудын байгуллага) гарахаа мэдэгдлээ.

Катарын Эрчим хүчний сайд Саад Шерида аль-Кааби “Манай улс ОПЕК-оос ирэх нэгдүгээр сарын 1-нээс гарна. Цаашид байгалийн хийн үйлдвэрлэлд илүүтэй төвлөрнө” хэмээн ярьжээ. Газрын тосны томоохон экспортлогч Саудын Араб 2017 оноос хойш шахалт үзүүлж (лалын хэт даврагчдыг дэмжиж байна гэж үзсэнтэй энэ нь холбоотой) буйг тэрбээр дурдаагүй байна. 

ОПЕК-ын 11 дэх томоохон үйлдвэрлэгч болох Катарт тус байгууллагын гишүүн улс орнуудын нийт олборлолтын хоёроос бага хувь ногддог (өдөрт 600 мянган баррелийг үйлдвэрлэдэг) учраас нийлүүлэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж эдийн засагчид үзэж байна. 

Гэхдээ уг байгууллагад нөлөөтэйг зарим шинжээч тэмдэглэжээ. Мөн зарим нь “Катар улс газрын тосны хувьд “жараахай” ч байгалийн хийн хувьд аварга” хэмээн онцолсон байв. Тус улс байгалийн хийн олборлолтоо цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж.

Сонирхуулахад, Катар нь 1961 оноос хойш ОПЕК-ын гишүүн байсан юм. Тус байгууллагыг Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл 1960 онд байгуулсан бөгөөд нэгдсэн анхны улс нь Катар болсон түүхтэй. Тэгвэл өдгөө уг байгууллагаас гарч буй Ойрхи Дорнодын анхны улс болж байна. Энэ талаар мэдээлэл өгөхөөс ОПЕК-ын хэвлэлийн төлөөлөгч татгалзжээ.

Улс орнуудын нийлүүлэлт нэмэгдэж, улмаар зах зээлд илүүдэл бий болно гэсэн айдсаас шалтгаалж өнгөрсөн хоёр сард газрын тосны ханш хямдраад байсан бол дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор өслөө. 

Тухайлбал, Нью-Йоркийн металлын биржид газрын тосны фьючерс ханш дөрвөн хувиар нэмэгджээ. Бараг сүүлийн 10 жилд байгаагүйгээр хямдарсны (фьючерс ханш нэг сарын хугацаанд) дараа эргэн “өндийсөн” нь энэ гэдгийг тодотгох нь зүйтэй. Тус биржид нэгдүгээр сард нийлүүлэх “хар алт”-ны ханш 2.02 ам.доллароор өсөж, баррель нь 52.95 “ногоон”-той дүйв.

“Path trading partners”-ын ахлах шинжээч Боб Иакино “Улс орнууд үйлдвэрлэлээ танах шийдвэр гаргана гэж таамаглаж байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн “Goldman sachs” харилцагчдадаа “ОПЕК гарцаа танана гэж бид таамаглаж байгаа” хэмээн мэдэгдэв. 

Тус банкны үзэж буйгаар газрын тосны нөөц ихсэж байгаа энэ үед өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг 1.3 сая баррелиар бууруулах шаардлагатай аж. ОПЕК-ын хамгийн гол “бэрхшээл” нь АНУ-ын үйлдвэрлэл нэмэгдэж буй явдал юм.

ОПЕК-ын уулзалт маргааш Венад болох үеэр газрын тосны ханшийг “хамгаалах”-ын тулд ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Энэ үеэр гишүүн бус ОХУ-тай ч цаашдын бодлогыг хэлэлцэнэ. 

Ташрамд дурдахад, гишүүн бус орнууд ОПЕК-той 2016 оноос хамтарч ажиллах болсон. Тэр үеэс хойш Саудын Араб, ОХУ уг байгууллагын шийдвэр гаргах үйл явцаас гадуур шууд ярилцах болсон гэхэд буруудахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)