“Газрын тосны нөөц 10-20 дахин нэмэгдэх тооцоо бий”

-Өмгөөллийн тухай хуулийг батлав-

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн хэлэлцэн дэмжив. Төсөл санаачлагчийн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодоос хангах боломжгүй бараа, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, бараа, барилгын материалд тухайн татварын жилд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтаан буцаан олгох агуулгатай юм. Мөн эдгээр бараа, материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хөрөнгө оруулалтын нийт зардлыг 10 хувиар бууруулах боломж бүрдэх гэнэ.

Төсөл санаачлагчийн илтгэл, холбогдох байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан зарим гишүүн асуулт тавьж, сайд Д.Сумъяабазар болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулав. Тухайлбал,

Д.Эрдэнэбат: -Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим зүйлийг ойлгохгүй байна. Тухайлбал, зарим ажлыг нь дотоодын, Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа гэнэ. Энэтхэгээс авсан зээлээр барьж байгаа бол яагаад Хөгжлийн банкны санхүүжилт гэж яриад байгаа юм бэ. Энэтхэгээс мөнгө нь орж ирсэн юм уу. Хөгжлийн банкнаас хэдий хэмжээний зээл авч, ямар нөхцөлтэйгөөр төлөх юм бэ. ТЭЗҮ нь бүрэн батлагдсан уу. Үйлдвэрийн суурийг хэзээ тавьж, тоног төхөөрөмжийг нь хэдийнээс оруулж ирэх вэ. Ажилчдын хотхон байгуулахад заавал гаалийн татварын хөнгөлөлт авах шаардлагатай юм уу?

Д.Сумъяабазар: -Нефтийн үйлдвэр барих талаар олон Засгийн газар дамжин ярилаа. Арваннэгдүгээр сард ТЭЗҮ-ийг хүлээж авахаар бэлтгэж байна. Ажилчдын орон сууц зайлшгүй шаардлагатай. 550 айлын орон сууцыг аймгийн төвд барихаар төлөвлөсөн. Хөгжлийн банкны зээлээр 269 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн.

О.Баасанхүү: -Гадаадаас түүхий нефть авах уу. Дотоодын нөөц асуудалтай. Ц.Нямдорж хууль мэдэх байх. Харин газрын тосны талаар мэдэхгүй шүү. Гэтэл холбогдох хуулийг нь өөрчилсөн. Дотоодын нөөцдөө суурилж ажиллаж байж л ашигтай, ашиггүй гэж ярих хэрэгтэй. Тиймээс энэ үйлдвэрийг тэрбум ам.доллароор бариад ямар ашигтай вэ?

Д.Сумъяабазар: -Ирээдүйтэй 5-6 талбай бий. Эдгээрийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д уламжилна. Үйлдвэр барих тухай төсөөлөл 1990 онд огт байгаагүй. Боловсруулах үйлдвэрт дээрх талбайнуудыг өгснөөр үйл ажиллагаа явуулах суурь бүрдэнэ. Монголын газрын тосыг чанар муутай гэдэг. Үнэн хэрэгтээ манайх маш сайн чанарын газрын тостой. Цаашид нөөц нь 10-20 дахин нэмэгдэх тооцоо бий. Зүүн өмнөд хэсэгт хайгуулыг эрчимжүүлнэ.

Ж.Ганбаатар:-Татвараас хөнгөлж, чөлөөлөх хугацаа бий юү. Эсвэл нэг удаагийн хууль юм уу. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй.

Б.Тэлмүүн (Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга): -2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл дагаж мөрдөхөөр тусгасан. Гаалын албан татварыг 100 хувь чөлөөлөх бөгөөд дараа дараагийн онд нь буцаан олгох юм.

Я.Содбаатар: -Олон жил ярьж ирсэн ажлыг энэ Засгийн газар эхлүүлсэн нь чухал. Газрын тосны үйлдвэр гэдэг зүгээр ч нэг байшин биш. Манайд том бүтээн байгуулалт цөөн учраас хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Үйлдвэрлэлийн бүсэд зориулж дэд бүтэц хийж байгааг ойлгох хэрэгтэй. Нийт үйлдвэрлэлийн хүрээнд татвараас чөлөөлөх тухай асуудал оруулж ирэх үү. Түүхий эдээ хэрхэн тээвэрлэх вэ. Зүүнбаянгаас түүхий эд авах боломж байгаа юу?

Д.Сумъяабазар: -Тээвэрлэлттэй холбоотойгоор дамжуулах хоолойн талаар ярьж байсан. Мөн төмөр зам байх ёстой гэж үзэж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би ахалж байгаа. Гурван харьцуулалтын аргаар авто зам, төмөр зам, дамжуулах хоолойн талаар судлаад, Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. Нөөцийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа.

Д.Хаянхярваа: -Эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэл нь хэр вэ. Би эргэлзэж байна. Түүхий нефтиэ хаанаас авах вэ. Анх Дархан-Уулд газрын тосны үйлдвэр барина гээд зураг төслийг нь хийсэн. Евро стандартын үйлдвэр барина гэж байсан ч нефтиэ хаанаас авах нь тодорхойгүй байснаас болж зогссон. Үйлдвэр эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадах уу. Баахан зээл авч, үйлдвэр барьсан ч түүхий эд нь байхгүй бол бид жинхэнэ “шатна” шүү.

Д.Сумъяабазар: -Батлагдсан нөөцийн хүрээнд үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийж байгаа. Бид 1.8 сая тонн хүртэл газрын тос боловсруулж болно. Олборлолтын шинэ технологиудыг нэвтрүүлж байгаа гэв.

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн ч санаачлагчид нь буцаалаа. Уг төслийг санаачлагч нь Засгийн газар. 2010 онд баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан. Энэ нь химийн хорт болон аюултай бодисыг бага хэмжээтэй импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, лабораториуд худалдан авч байгаа бодисынхоо үнээс хэд дахин их тэмдэгтийн хураамж төлөхөд хүргэж буй аж. Улмаар ийм бодисыг хууль бусаар импортлох, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодис авах зэрэг сөрөг үр дагавар бий болсон байна. Иймээс тэмдэгтийн хураамжийн дээд, доод хязгаарыг өөрчлөн, химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-20 000 000 төгрөг болгохоор тусгасан байжээ.

Мөн энэ өдөр Өмгөөллийн тухай хуулийг батлав. Үүнээс гадна Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II” төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт уламжилсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх уг төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн тусламжаар 2015 онд эхлүүлжээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатыг 19.5, гурав дахь үе шатыг найман сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон аж. Үүний дагуу тус төслийн хөрөнгөөр худалдан авсан суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлөх юм.

Үүнээс гадна Гэрч, хохирогчийг хамгаалах болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)