Газрын теннисний од Мария Шарапова зодог тайлжээ


Газрын теннисний од, Их дуулга тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова зодог тайлж байгаагаа зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр /2020.02.26 /Instagram хуудсаараа мэдэгджээ. “Теннис надад дэлхийг таниулж, бас намайг хэн болохыг өөрт минь мэдрүүлсэн юм. Өөрийгөө яаж сорих, өсөлтөө хэрхэн хэмжих түүх байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран мөн ямар оргил руу тэмүүлсэн ч би үргэлж өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөж дэвжин, урагшлах болно. Теннис минь баяртай” гэж тэрбээр бичсэн байна.  Шарапова 2004 онд анх 17 настайдаа Уимблдоны тэмцээний түрүүг Серена Вильямсыг хожин авч байв. Өнгөрсөн хугацаанд Оросын тамирчин French Open-д хоёр удаа, Wimbledon, Australian Open, US Open тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлжээ. Тэрбээр спортын амжилтаас гадна сурталчилгааны олон гэрээ байгуулж, арав гаруй жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын нэгэнд бичигдэж байсан аж. 2016 онд түүний цуснаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрснээр 15 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Уг явдлаас хойш Шараповагийн уналт эхэлсэн бөгөөд эцэст нь дэлхийд чансаагаар 373 дугаарт бичигдэх болсон юм. Үүн дээр түүний мөрний гэмтэл нэрмээс болсон аж. 32 насандаа спортын карьера дуусгах түүний эл шийдвэрийг ухаантай алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)