Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан 154 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр газраа чөлөөлсөн иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өгжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажлууд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Саяхан бид Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ төслийг Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлнэ” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй айл өрх орон сууцанд орох ажээ. Одоогийн байдлаар гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 5001 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)