Газраа булаалгаж, нутаг заагдахад хүрээд буй Хайлааст багийнхан

Уул уурхайнхны хөлд сүйдээгүй цөөн газрын нэг, малын гол бэлчээр гэгддэг Өвөр наймганд 15 мянган га талбайг “Эрдэнэсийн эрэг” компанид аймгийн удирд­лага хаалттай тендер нэрээр олгосныг эсэр­гүүцэн өмнө нь хоёронтоо жагссан Төв аймгийн Заамар сумын иргэд 200 км зам туулан очиж, аймгийнхаа төв талбайд дахин жагссан байна. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний өмнө толгой гудайлгүй, тэднээс ямар “цохилт” ирэх бол гэж эмээлгүй тууштай тэмцэж буй тэдний зориг зүрхийг бахадмаар. Уурхайнхны хууль бус ажиллагааг эсэргүүцсэн, илчилсэн иргэд ямагт буруутан болдог хачин жишиг Заамарт сүүлийн жилүүдэд тогтож, иргэдийн тэмцэл үнэгүйдсэнийг тус сумын идэвхтэн байгаль хам­гаалагч онцолсон юм. Харин Төмстэй багийн малчид газар нутгаа сүйдэхээс урьтаж дуугарч буй нь сайшаалтай. Гэтэл тэднээс хэд дахин дор нөхцөлд аж төрж буй Хайлааст багийн малчид юуны учир дуугүй байна вэ.

Заамар сумын Хайлааст багийн нутаг, Туулын гүүр орчимд 167.6 га бүхий газар эзэмшдэг “Уулс Заамар” компанийн ашиглалтын талбай суурьшлын бүстэй давхацсанаас уурхайнхан болон орон нутгийнхны дунд зөрчил үүсэж, иргэдийн эрх зөрчигдөж буй талаар бид өмнөх сурвалжилгадаа онцолсон. Гэхдээ тухайн компани иргэдийн эзэмшил газрыг булаасан уу, эсвэл холбогдох албаныхан зөвшөөрөл ол­гохдоо эдэлбэр газрыг давхцуулав уу гэдэг нь тодорхойгүй байсан. Үүнд хариулт авахаар АМГТГ-ын Кадастрын хэлтсийнхэнтэй уулз­лаа. Тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн гэх залуу өөрийгөө танилцуу­лахаас татгалзав. Тус газрынхан угаасаа ийм нууцлаг, хаалттай юм уу, эсвэл “Уулс Заамар”-тай холбоотой асуудалд ийн хандав уу гэдэг сонин. Хаалган дээр нь “Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батхүү, М.Мөнхбат” гэсэн хаягтай өрөөнд хоёр хүний суудал буйг шинжвэл бидэнд мэдээлэл өгсөн эрхэм тэдний нэг болох нь гарцаагүй. Тэрбээр “Бид ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо юуны түрүүнд аймаг, орон нутгийнхнаас санал авдаг. Тухайн хэсэгт газар олгож болох уу, үгүй юү гэдгийг тэдэнтэй зөвшилцдөг гэсэн үг. Энэ хэсэгт ямар нэг давхцал алга, айлын өвөл­жөө, хаваржаа, эзэмшил газар биш гэж хариу ирүүлсэн тохиолдолд бид зөвшөөрөл олгодог учраас ийм асуудал үүсэх учиргүй. “Уулс Заа­мар” компанийн ашиглалтын талбайн аль хэсэг нь суурьшлын бүстэй давхацдаг, тэнд хэдэн айлын хашаа байгаа вэ гэдэг мэдээлэл манай бүртгэлийн системд алга” гэв. Тусгай зөв­шөөрлийн бүртгэлийн системд “Уулс Заамар” компанийн нэрээр хайлт хийхэд Заамарт ашиг­лалтын дөрвөн талбайтай гэхээс өөр мэдээлэл гарч ирсэнгүй. 

Биднийг ийн ярилцаж суутал тус газрын бас нэг мэргэжилтэн бүсгүй орж ирэн “Тусгай зөвшөөрөл олгохдоо хэн нэгний өмчилж, эзэмшиж байгаа газартай давхцуулж болохгүй гэсэн зохицуулалт манай хуульд байхгүй. Тиймээс бид давхцал шалгадаггүй. Уурхайнууд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ сумаас эдэлбэрийн зөвшөөрөл авдаг. Бидний шийдэх, мэдэх асуудал биш. Хайгуулын зөвшөөрөл олгох талбайн хэмжээ доод тал нь 25 га байдаг. Нэг өрхийн эзэмшдэг газартай харьцуулахад энэ нь маш том талбай. Тэглээ ч компаниуд хайгуул хийхээр авсан газраа бүхэлд нь ухаж, сэндийчдэггүй. Тандан судалгаа хийгээд, хаана нь өрөмдлөг хийх вэ гэдгээ тодорхой болгоно. Айлын өвөлжөө, хаваржаанд тулгаж өрөмдөөд, “Гэрийн чинь доорх хэсгийг ухна” гээд дайраад байдаггүй. Тийм тохиолдол гарч байгаагүй” гэсэн юм. Дээрх хоёр мэргэжилтний ярьсан зүйл ихээхэн зөрчилдөж буйг уншигч та анзаарсан биз. Нэг нь “Давхцалтай, эсэхийг шалгаж байж зөвшөөрөл олгодог учраас ийм асуудал гарах учиргүй” хэмээн үгүйсгэж, нөгөө нь “Бусдын эзэмшил газартай давхцуулж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй” хэмээсэн “бөөрөнхий” хариулт хэлж сууна.

Харин Хайлааст багийн Засаг дарга А.Ган­цэцэг “Энэ асуудалтай холбоотойгоор сумын удирдлага, байгаль орчны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж, шалгаад, уурхайн үйл ажиллагааг хуулийн дагуу үргэлжилж байна гэж дүгнэсэн” хэмээв. “Уулс Заамар” компанийнхан тухайн бүсэд оршин суудаг өрхүүдэд 500-900 мянган төгрөг тарааж, үйл ажиллагаа явуулахад нь саад учруулахгүй хэмээн иргэдээр гарын үсэг зуруулсан гэдгийг нутгийнхан хэлж буй. “Мөнх ногоон хас” ТББ-ынхны ярьж буйгаар тус бүсэд 50 орчим өрх байдгийн 10-аад нь газар эзэмших албан ёсны бичиг баримттай гэнэ. Тус компанийнхан дээрх айлуудаас хэдхэн алхмын зайд хүнд машин механизм ажиллуулан, нүх, карьер ухсаныг бид нүдээр үзсэн. Нутгийн иргэд ч “Харин ч хол зайд ажиллаж байна. Зун айлуудын хашаанд тулгаж ухсан. Удахгүй энэ хавийг орвонгоор нь эргүүлэх биз” хэмээж байлаа. Гэтэл багийн Засаг дарга нь “Хуулийн дагуу ажилладгийг тогтоосон” гээд сууж байгаа нь Туулын гүүр орчимд амьдардаг өрхүүд нэг л өглөө эзэмшил газраасаа хөөгдвөл гайхах зүйлгүйг сануулах мэт.

Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч, сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан, эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох чиг үүрэгтэй” гэж тусгажээ. Эл заалтад “Тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхацсан, эсэхийг дүгнэж, хил хязгаар тогтооно” хэмээсэн нь “Тусгай зөвшөөрөл олгохдоо хэн нэгний өм­чилж, эзэмшиж байгаа газартай давхцуулж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй” хэмээн мэргэжилтний хэлсэнтэй дүйж байна. Өөрөөр хэлбэл, ашиглалтын болон хайгуулын зөв­шөөрөлтэй талбай биш л бол иргэдийн хувийн эзэмшлийн газартай давхцах нь ер хамаагүй аж. Ашигт малтмалын тухай хуулийн эл заалт уурхайнхны эрх ашгийг иргэдийнхээс дээгүүрт үзэх сул тал болж байна уу гэлтэй.

Хэрэв АМГТГ-ынхан энэ хуулийн дагуу ир­гэдийн газрыг “Уулс Заамар” компанийн ашиг­лалтын талбайд оруулсан бол тэнд ганц, хоёр байтугай 10, 20 жил амьдарч буй иргэд ч газраа булаалгаж, нутаг заагдаж мэдэх бүрхэг ирээдүй харагдаж байгаа юм. 

Уурхайн ашиглалтын талбай суурьшлын бүстэй ойрхон байх нь ямар урхагтай вэ гэдгийг Хайлааст багийнхан сүүлийн жилүүдэд мэдэрч буй. Тоосонцроос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл иргэдийн дунд газар авч, уурхайн нүх, карьераас болж бага насны хүүхдүүд чөлөөтэй тоглож наадах ч эрхгүй болоод байгааг нутгийн иргэд хэлсэн. Нэгэн иргэн уурхайн нүх рүү ма­шинтайгаа унаж нас барсан харамсалтай хэрэг 10 гаруй хоногийн өмнө гарсныг тус компанийн хамгаалалтын албаныхан онцолж байлаа. 

Түүнчлэн тус багийн нутгаар дайран өн­гөрдөг улсын чанартай автозамыг уурхайнхан өөрчилсөн нь иргэдийн амьжиргаанд ихээхэн нөлөөлсөн гэнэ. “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн “Хөвсгөл, Булган болон баруун аймгуудаас нийслэл рүү явдаг гол шороон зам Туулын гүүрээр дайран өнгөрдөг байсан. Хөвсгөл, Булганыг холбосон хатуу хучилттай зам тавих хүртэл шүү дээ. Энэ замаар явах нь дөт учраас ачааны машинууд одоо ч зорчсоор байгаа. “Уулс Заамар” компанид лиценз худалдсан “Булган ганганат” компани зам дагуух хэсгийг ухаж эхлэхдээ нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад орхисон ч тэд замыг хаасан” хэмээсэн юм. Замыг хааснаар тэр дагуух дэлгүүр, цайны газрууд цөм хаалгаа барьж, иргэдийн амьдрал доошилсныг оршин суугчид учирлалаа. Иргэн Э.Ягаанцэцэг “Гурав, дөрвөн жилийн өмнө бидний амьдрал өөр бай­лаа. Зам дагаж хөгжил гэдэг үнэн юм байна. Ор­логогүй болчихоор хэн худалдаа эрхлэх юм бэ” гэсэн юм. 

Уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон буй Хайлааст багийнхан тэмцэж, дуугарч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь төр, засаг, аймаг, сумын удирдлагадаа итгэл алдарсных гэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)