Газар чөлөөлөөгүйгээс ногоон байгууламж барих ажил удааширчээ

ногоон байгууламж

Нийслэлийн Засаг даргын гаргасан албан даалгаврын хүрээнд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, орчны бохирдол бууруулах зорилгоор ногоон байгууламжийн тоог нэмж буй. Энэ хүрээнд хотын А зэрэглэлд багтдаг Сүхбаатар дүүргийн XII, XIII хорооны нутаг, 32-ын тойрог орчим дахь нийтийн эзэмшлийн зам талбайд зогсож, хүнд даацын машинаар элс, хайрга зөөдөг иргэдэд газар чөлөөлөх шаардлага хүргүүлээд жил гаруй өнгөрчээ. Өнгөрсөн сарын 1-14-нд мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн ч зарим жолооч одоо болтол нийтийн эзэмшлийн талбайг эзэгнэсээр байгаа аж.

32-ын тойргоос Долоон буудал явах зам дагуу өөрөө буулгагч “ЗиЛ-130”, “Портер” зэрэг автомашины 30 гаруй жолооч тээврийн хэрэгслээ байрлуулж, захиалгаар элс, шороо ачих, буулгах, зөөх үйлчилгээ эрхэлдэг.

Тэднээс гадна өмчилсөн газартаа тоосго, элс, төмөр зэрэг барилгын материал зардаг иргэн олон байдаг. Үүнээс үүдэн тухайн орчимд тоосжилт ихэссэн тул тус хорооны Засаг даргад оршин суугчид гомдол мэдүүлсээр уджээ. Энэ мэт олон шалтгааны улмаас тэнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг өөр газар луу явуулж, нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж барих ажил эхлүүллээ.

Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар тэнд зогсож байсан тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгахад тоормос ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, галын хоргүй, эмийн сан авч явдаггүй зэрэг зөрчилтэй байсан учир Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан юм.

Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, нийтийн эзэмшлийн талбайг эзэгнэсэн жолооч нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Б.Баярсайхан “Өмнө нь шаардлага тавьсан ч ногоон байгууламж барих хүртэл нь байхаар шийдсэн. Шаардлагыг биелүүлэхэд ямар нэг хүндрэлтэй зүйл байхгүй” гэв. Өдгөө нэгэнт бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн тул жолооч нар энэ мэтээр шаардлага биелүүлж эхэлжээ. Ганц, хоёр жолооч “Ийм хуурай, элстэй хөрсөнд ургамал, зүлэг ургахгүй. Би таван ам бүл тэжээдэг. Ажлын байраар хангаад өгчихвөл газар чөлөөлөхөд дургүйцэхгүй. Энүүхэн жалганд зогсохыг дүүргийн Засаг дарга бидэнд санал болгосон ч тэнд нь очиж, элс, хайрга авах хүн алга. Цаашид хаана байрлахаа мэдэхгүй байна. Уг нь үйлчилгээ эрхлэгчдийнхээ амьдралыг бодолцох ёстой” гэв.

32-ын тойрог орчимд өөр дүүргийн хүмүүс ч том оврын машинтайгаа ирж, захиалгаар элс, хайрга зөөх, буулгах ажил хийдэг аж. Тэд орлоготой үлдэх, эсэх нь Сүхбаатар дүүргийнхэнд хамаагүй ч ажлын байраар хангах тухай нийслэлийн Засаг даргад уламжилсан ч нааштай хариу сонсоогүй гэнэ.

Тэндхийн нүүрэн талын хашаанд оршин суудаг иргэд цемент, элс, хайрга зардаг. Өмчилсөн газартаа юу хийх нь тухайн иргэний эрх ч гэлээ үйлчилгээ явуулах, бараа бүтээгдэхүүн борлуулах тохиолдолд дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авч, байгаль орчны үнэлгээ хийлгэх ёстой. Гэвч үйлчилгээ эрхлэгчдийн нэг нь ч тийм зөвшөөрөлгүй гэсэн.

Элс, хайрга, цемент зөөдөг автомашинууд явган хүний зам дээр хаягдлаа овоолж их, бага хэмжээгээр асгаснаас болж түүгээр зорчиход бэрх байв. “Том оврын машинууд тоосжилт үүсгэлээ”, “Нийтийн бие засах газаргүйгээс жолооч нар хашааны булан, тохойд “морь хардаг” гэж 32-ын тойрог орчмоор амьдардаг иргэд гомдол гаргах болсныг Сүхбаатар дүүргийн XII хорооны нийгмийн ажилтан өгүүлсэн. Тиймээс Агаарын бохирдолтой тэмцэх газрынхан тоосжилтыг нь өчигдөр тодорхойлж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хөрснөөс дээж авлаа. Зарим айл, өрх хашаандаа аккумлятор худалддаг, том оврын машинууд ачаа зөөхдөө хөргөлтийн шингэн асгадаг учраас хөрс бохирдсон байх магадлалтай аж. Хөрсөнд хийсэн шинжилгээний хариу ойролцоогоор 14 хоногийн дараа гарах юм байна. Тус бүсийн тоосжилт, агаарт агуулагдах азот болон хүхрийн давхар исэл, том ширхэгт тоосонцрын хэмжээг дөрвөн цагийн турш хэмжихэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-36 дахин их гарсан. 

PM гэдэг нь агаар дахь хатуу, эсвэл холимог төлөвтэй органик болон химийн гаралтай бодисууд юм байна. Тэдгээр нь хоорондоо нэгдэж, тоосонцор үүсгэдэг аж. Тухайлбал, агаарт дэгдсэн нян, барилгын материалуудаас үүсдэг тоосонцор, мод, нүүрсний утаа зэрэг нь PM юм. Хотын тус бүсэд цемент, элс байнга зөөдөг тул хөрс нь нарийн ширхэгтэй тоосонцор болсон гэхэд хилсдэхгүй гэнэ. Тэр нь салхи, автомашины хөдөлгөөнөөр дэгдэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэмээн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн М.Отгонбаяр тайлбарласан. Тиймээс энэ газрыг яаралтай тохижуулах, барилгын материал, элс, шороо тээвэрлэхийг зогсоох шаардлагатай юм байна. Өвлийн улиралд 32-ын тойрогт утаа их хэмжээгээр тунадаг. Хавар, намартаа тоос, шороо ихтэй учраас оршин суугчдынх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг албаныхан онцлов.

Одоогоор тэнд барилгын материал тээвэрлэх үйлчилгээ үзүүлж буй 30 гаруй жолооч, жижиглэнгийн худалдаа эрхлэгч 5-7 хүн байдгаас 10 нь шаардлага биелүүлсэн гэж тус хорооны Засаг дарга Ц.Долгормаа хэлсэн. Хэрэв барилгын материал борлуулдаг, элс, шороо тээвэрлэдэг иргэд албаны шаардлагыг биелүүлж, орчныг чөлөөлчихвөл 32-ын тойргоос хойш 800 м зайд ногоон байгууламж бий болох нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)