Газар хүчтэй хөдлөх давтамж нэмэгджээ

Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт болов. Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудал хэлэлцлээ. Уг зөвлөл нь энэ онд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх зэрэг дөрвөн чиглэлд 40 ажил хийхээр төлөвлөснийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээллээ. Мөн Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэх хэрэгтэй гэв. Өмчлөгч болон эзэмшигч нь паспортжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төрөөс хэрхэн урамшуулах, дэмжлэг олгох талаарх заалтыг нэмэх, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг өөрчлөх саналыг танилцуулсан юм. Энэ он гарснаас хойш манай орны нутаг дэвсгэр, хил орчмын бүсэд газар 39 786 удаа хөдөлжээ. Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдөлсөн тохиолдол 36 удаа бүртгэгдсэний 19 нь иргэдэд мэдрэгдсэн байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхааралдаа авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)