Газар тариалангийн тоног төхөөрөмж лизингээр олгож эхлэв

“Атрын III аян”-ы хүрээнд ОХУ-ын “Эксим” банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авч, “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Хойд хөршөөс хөнгөлөлттэй зээлээр авч буй хөдөө аж ахуйн зориулалттай уг техник, тоног төхөөрөмжүүдийн түрээслэгчээр Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг”, ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сан ажиллаж байгаа юм.

Тэдгээрээс худалдан авах хүсэлтээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн баримт материалыг хүлээн авч, шаардлага хангасан компаниудад техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажил эхэлжээ. ОХУ-ын тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудаас үр тариа, хадлан, таримал тэжээл бэлтгэх зориулалт бүхий 20 нэр төрлийн, 543 ширхэг техник, тоног төхөөрөмж манайд орж ирэхээс одоогоор 70 гаруйг нь нийлүүлжээ.

Дашрамд дуулгахад, “Ди Би Эм лизинг” компани нь эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд газар тариалангийн салбараар энэхүү ажлын эхлэл нь тавигдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)