Гадаад худалдааны эргэлт 6.7 хувиар өсжээ

Манай улсын өмнөх оны гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэлийн дүнг Гаалийн ерөнхий газар өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Монгол Улс өнгөрсөн онд 154 улстай худалдаа хийсэн бөгөөд бараа эргэлтийн нийт хэмжээ 13.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2018 оны гүйцэтгэлээс 860.6 сая “ногоон” буюу 6.7 хувиар өссөн дүн болж, гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбумын ашигтай гарчээ. Экспортын хэмжээ 2018 оныхоос 8.7 хувиар өсөн, 7.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспортын бүтээгдэхүүний 98.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн буюу чулуун нүүрс, зэс, молибдены баяжмал, хайлуур жонш, төмөр болон цайрын хүдэр, боловсруулаагүй нефть эзэлсэн байна. Үүнд чулуун нүүрсний борлуулалт нэг жилийн хугацаанд 7.06 сая тонноор, хилийн дундаж үнэ 6.4 ам.доллар, нийт орлого 288.1 саяар өссөн гэв. Харин зэсийн баяжмалын экспорт 33.1 мянган тонн, хилийн дундаж үнэ 121.1 ам.доллар, орлого нь 216.3 сая “ногоон”-оор буурчээ.

Импортын хэмжээ өнгөрсөн онд 6.1 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 оны дүнгээс 252.6 саяар буюу 4.3 хувиар өссөн дүн болов. Үүнд эрдэс бүтээгдэхүүн, авто болон агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хуванцар эдлэл зэргийг худалдан авсан нь түлхүү нөлөөлсөн байна. Мөн эрдэс бүтээгдэхүүний импортын 85 орчим хувийг шатах, тослох материал эзэлсэн хэвээр буй бөгөөд 2018 оныхоос 265.5 мянган тонн, үнийн дүн нь 53.4 сая ам.доллароор өссөн байна. Үүнээс гадна олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 67 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны хамгийн их буюу 75.1 хувь нь ОХУ-д ногдсон бол 6.9 хувийг Япон, 6.4-ийг нь БНХАУ-аас авчээ. Харин хандивлагч орнуудын зээлээр 82.7 сая “ногоон”-ы бараа, бүтээгдэхүүн хүлээн авсны 64.3 хувийг нь урд хөршийн таваар эзэлсэн бол Австрали 9.5, ОХУ 5.6 хувийг нь бүрдүүлсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)