Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт улсад айлчилж, төрийн тэргүүнд бараалхав

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсад айлчилж Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нарт бараалхсан байна.

Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Монгол, Кувейт хоёр улс нь харилцан хүндэтгэл дээр суурилсан найрсаг харилцаатай болохыг дурдаж, бэрхшээлтэй цаг үед хоёр улс бие биедээ туслаж байсныг онцлон тэмдэглэв. Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монголыг дотны ах дүү орон хэмээн үздэгээ илэрхийлсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 

Гадаад харилцааны сайд Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах-т бараалхахдаа тус улсын Засгийн газраас Монгол Улсын түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барих, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгджээ. 

Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын иргэн Бадр Аль-Байжаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)