Гадаад паспорт захиалахад хүндрэл учирсаар байна

Төрийн байгууллагуудын ажилтнууд хамартаа баас түрхчихсэн аятай ярвагар, хүнд сурталтай хэвээр. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна хэмээж хотын томоохон дүүргүүдэд Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан. Тэдгээр нь “Дугаар байхгүй” гээд цайны цагаас хойш иргэд хүлээн авдаггүй. Бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжчихээд байхад иргэддээ навсайсан хэдэн цаас сугавчлуулж, өчнөөн газрын үүд шагайлгаж байгаа нь харамсалтай. Бичиг баримт бүрдүүлэх гэхээр цахим үнэмлэхээ нотариатаар баталгаажуул гэнэ. Нөгөөхөө бариад, нотариатчид өөрийгөө мөн гэдгийг баталдаг нь хамгийн инээдтэй. Хороо, дүүрэг, улсын байгууллагад бичиг баримт хөөцөлдөх бол ажлаасаа бүтэн өдрийн чөлөө авахаас наашгүй. Хоёр, гурван байгууллагын дунд өдөржин “шогшуулчихдаг” хэвээр байна.

Иргэн Мөнх хүүхдэдээ гадаад паспорт захиалахаар Баянгол дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Нэг цонхны үйлчилгээний төвд өнгөрсөн долоо хоногт ханджээ. Ямар бичиг баримт шаардлагатайг лавлатал “3.5х4.5 см хэмжээтэй, гурван хувь цээж зураг, эцэг, эхийнх нь аль нэгний иргэний үнэмлэхийг хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй хамт хувилаад, үйлчилгээний болон паспорт бичилт, тэмдэгтийн гэсэн гурван төрлийн хураамжид нийт 32 500 төгрөг тушаасан баримт авчир” гэжээ. Бүртгэлийн мэргэжилтэн “ЗДТГ-ын байранд банк байхгүй, “Голомт”, эсвэл “Улаанбаатар хотын банк”-нд мөнгө тушаах боломжтой” хэмээсэн байна. Гэсэн ч дүүргийн байранд дээр дурдсан хоёроос өөр нэгэн банк байхаар нь үйлчлүүлтэл гурван төрлийн хураамжийн нэг гүйлгээг нь хийх боломжгүй хэмээжээ. Ингээд дээр нэр дурдсан банкийг нь олж очтол 30 хүний дараа үйлчлүүлэх дараалалд зогсов. Хоёр цаг гаруй хүлээсний эцэст үйлчлүүлсэн тухайгаа Мөнх хэллээ. Тэрбээр гадаад паспортын үйлчилгээ (12 500)-ний болон тэмдэгт (5000)- ийн хураамжийг нийслэлийн Улсын бүртгэлийн газрын хоёр өөр дансанд тушаасан байна. Паспорт бичилтийн мөнгө (15 000)-ийг хувийн компанийн данс руу шилжүүлжээ. Нэг хүн гурван өөр гүйлгээ хийлгэсэн гэсэн үг. Үүнээс гадна банк хоорондын шимтгэлд 1000 төгрөг төлдөг аж. Ингэснээр тухайн банканд дараалал, ачаалал үүсэж, иргэдийг бухимдуулах болжээ.

Ажил тарахтай уралдан дүүргийнхээ ЗДТГ-т очсон Мөнх бичиг баримтаа арайхийн өгтөл “Энэ хэрэггүй” гээд иргэний үнэмлэх, хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбарыг чулуудаад “Заавал эх хувийг нь авчир” гэжээ.

Гадаад паспорт сунгахаа больж, шинээр авдаг болсонтой холбоотойгоор дүүргүүдийн Нэг цонхны үйлчилгээний төвүүд ачаалал ихтэй байна. Шуурхай хэвлэдэг үйлчилгээг байхгүй болгосноор ажлын 10 хоногт паспорт олгох болсон. Гэвч хугацаандаа хэвлэгддэггүй, 14-20 хонох нь энгийн үзэгдэл гэж иргэд хэлэв. Орон нутгийн иргэд паспорт захиалбал сар гаруйн дараа барааг нь хардаг аж. Технологи өндөр хөгжсөн өнөө үед манайхан шиг гадаад паспорт захиалахын тулд бөөн ажил, бичиг цаас болж, нэг байгууллагын хоёр, гурван өөр дансанд мөнгө тушаан, хөгөө чирч яваа улс ер нь байгаа болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)