Гадаад иргэдийн нэгдсэн бүртгэлийн систем нэвтрүүлэхээр хуульд тусгажээ

УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Улсын хилийн боомтод болон цахимаар виз олгох, визийн төв ажиллуулах, хүчинтэй хугацааг нь уртасгах чиглэлээр, мөн зарим зориулалтын визийг халах зэрэг зохицуулалт хуульд тусгасан аж. Тодруулбал, визийн ангиллыг Засгийн газар тогтоох, хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох боломж бүрдүүлснийг хууль санаачлагч нь танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх гадаад иргэдийн хурууны хээ болон биеийн давхцахгүй өгөгдлийн судалгааг хилийн боомтуудад авч, тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагуудыг бүртгэх зохицуулалтыг төсөлд шинээр тусгаж, хариуцлагын механизмыг нь чангатгасан аж.

Монгол Улсыг зорих гадаадын иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах визийн төв байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Үүнээс гадна Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэлх хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгохоор хуульчилсан байна.

Мөн агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг урьдчилан хүлээн авч, төрийн эрх бүхий байгууллагууд солилцон, дүн шинжилгээ хийх замаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлсэн гэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн дагуу холбогдох систем нэвтрүүлэх гэж байгаа. Энэ нь агаарт хөөрөхөөс өмнө тухайн иргэнийг Монголд нэвтрэх боломжтой, эсэхийг хянана. Хүний давхцахгүй өгөгдлийг ашиглан нэгдсэн бүртгэлийн систем нэвтрүүлэхээр шинэ нисэх онгоцны буудалд тоног төхөөрөмж суурилуулж байгаа. Бусад боомтод ч үүнийг нэвтрүүлж буй” хэмээн энэ үеэр онцлов. Мөн тэрбээр “Визийнх нь хугацаа дууссан гадаадын иргэдийг удахгүй албадан гаргана. Энэ хугацаа нь дуусангуут дохио өгдөг программ манайд байхгүй тул Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрынхан хүн бүрийг нэгбүрчлэн шүүж илрүүлдэг” гэсэн юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дипломат төлөөлөгчийн газрууд манай улсын визийг ашиг харж олгосон асуудал бий. Энэ талаар Гадаад харилцааны яам сүүлийн хоёр жил судалгаа хийгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлсэн” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)