Гадаад валютын нөөцийг 209 сая орчим ам.доллароор нэмжээ

эдийн засаг гадаад валют

Монголбанкнаас энэ оны эхний зургаан сарын үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. Тайлант хугацаанд тус банк 6.8 тонн гаруй үнэт металл худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 209 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.3 тонноор багассан дүн боловч валютын нийт нөөц дөрвөн тэрбум “ногоон”-оос давсан нь сүүлийн зургаан жилийн дээд үзүүлэлт аж. 

Түүнчлэн үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор дэвшилт технологи ашиглан мөнгөн дэвсгэртийн нууцлалыг сайжруулж, зарим зураг, дүрсийг залруулсан гэв. Үүний хүрээнд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай 5000 төгрөгийн дэвсгэртэд гурван хэмжээст, хөдөлгөөнт элемент оруулан, нэгдүгээр улиралд гүйлгээнд гаргажээ. Мөн манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн макро зохистой бодлого хэрэгжүүснээр энэ оны тавдугаар сард бүх төрлийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17.3 хувьд хүрсэн нь хоёр жилийн дотор хүү 2.9 хувиар буурсан дүн болохыг онцлов. 

Үүнээс гадна ипотекийн зээлийн санхүүжилтэд оны эхний хагас жилд 210 тэрбум төгрөгийг 2937 иргэнд олгосон байна. Ташрамд дурдахад, Төвбанк 2016 онд 18.6, 2017 онд 20, өнгөрсөн жил 22 тонн үнэт металл худалдан авч, жил бүр 700-800 сая ам.доллароор гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)