Гадаадын улсад 180-аас дээш хоног зорчих иргэдэд төрийн үйлчилгээ авах боломж бүрдүүлэх нь

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхээр санал хураав. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. Тиймээс энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн бусад төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. 

Уг хуулийг 1993 онд баталснаас хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Тиймээс бусад хууль тогтоомжтой нийцүүлэх үүднээс зургаан бүлэг, 12 зүйлтэй байхаар шинэчлэн найруулжээ. Тухайлбал, хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж, дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхой зааж, үүнтэй холбоотой нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тухайн бүс нутагт 180-аас дээш хоног зорчих иргэд дипломат төлөөлөгчийн болон Консулын газартаа цахимаар бүртгүүлэхээр тусгажээ. Ингэснээр Монголын иргэн тухайн улсаас төрийн үйлчилгээ авах болно хэмээн төслийн санаачлагч үзсэн байна. Үүнийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Гуравдугаарт, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, дөрөвдүгээрт, Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, дэмжиж, УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын даргын энэ оны 177 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан. Тэрбээр “УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.10-1.2 дахь заалт эл хуулийнхаа шударга ёсны болон үндсэн зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, найман жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн ч хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байхаар хуульчилсан нь тухайн этгээдэд ял завших боломж олгож байгаа юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааны доод хязгаарыг гурав, дээд хязгаарыг 25 жил болгож, өөрчлөн найруулах хэрэгтэй. 

Мөн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс сэргээн тоолно” гэснийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулахаар тусгасан” гэв. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, хэлэлцэн батлах агуулга бүхий санал, дүгнэлт гаргаснаар тус байнгын хорооны хурал өндөрлөв.

Бэлтгэсэн: Б.Аяс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)