Гадаадын тагнуулын албатай хамтарч байсан иргэнд дахиад ял оноолоо

Манай улсын иргэн А.Адъяа болон Амарсанаа нар гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл цуглуулж байсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэн дахин ял шийтгэлээ. Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд тэдний үйлдлийг илрүүлж, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж.

А.Адъяа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу зарим зүйлийг тодруулж, энэ сарын 6-нд хэлэлцээд шүүгдэгч нарт дахиад найман жил хорих ял шийтгэсэн байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын эсрэг явуулж буй тагнан, турших болон бусад хууль бус үйл ажиллагаандаа монгол иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэх болсон. Энэ нь эргээд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгаа юм. Тухайлбал, дээрх хэргээс өмнө Тайванийн иргэн Ван Чен Хун, манай улсын иргэн Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэн 13 жил хорих ял шийтгээд буй билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)