Гадаадад байгаа иргэдээ татан авахыг шаардлаа

Улсын хэмжээний тусгаарлах байруудад өчигдөр 3690 иргэн хяналтад байлаа. Тэдний төлөөлөл өчигдөр 11.00 цагт төр, засаг, холбогдох албаныханд шаардлага хүргүүлэх эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулав. Ажиглалтад буй иргэд “Бид дуугүй байж чадсангүй” гэсэн уриалга гаргасан бөгөөд нэг хэсэг нь өрөөнийхөө үүдэнд суулт зарлав. Зарим нь уриа лоозон барьсан зургаа цахим орчинд түгээн, уг арга хэмжээнд нэгдсэнээ илэрхийллээ.

Тусгаарлагдсан иргэд дөрвөн шаардлагыг төр, засагт тавьсан юм. Тухайлбал, тусгаарлах хоногийг 21 биш, 14 хоног болгох төдийгүй шинжилгээг шуурхай хийж, хариуг нь хурдан өгөх ёстойг Эрүүл мэндийн яамнаас шаардсан. Ийнхүү шаардсан үндэслэлийнхээ талаар иргэд “Манай улсын ашиглаж буй оношлуур чанаргүй гэж зарим судлаач ярьсан нь оргүй зүйл биш байх. Хүмүүсийг 21 хоног тусгаарлаж байгаа улс Монголоос өөр бараг алга. Оношлуур нь чанаргүй, баталгаатай хариу гаргаж чаддаггүй учраас иргэдээ 21 хоног “хорьж”, эмнэл зүйн шинж тэмдэг илрэхийг нь хүлээж байна” хэмээсэн юм. Хоёр дахь шаардлага нь гадаадад гацсан 14 000 гаруй иргэнээ нэн даруй буюу хүйтрэхээс өмнө татаж авах байв. Ялангуяа онгоцны тийз, тусгаарлах байрны төлбөр төлөх чадваргүй, харийн оронд гудамжинд гарахдаа тулсан иргэддээ нэн даруй анхаарал хандуулахыг хүслээ. Үүний тулд тусгаарлах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх нь гурав дахь шаардлага байсан. Монголчуудаа татан авч чадахгүй хэрнээ гадаадын иргэдийг олноор хил нэвтрүүлж буйд бухимдсан хүн цөөнгүй байв.

Сүүлийн буюу дөрөв дэх шаардлага нь гадаадын тусламжийн 400 сая ам.долларыг хэрхэн зарцуулж буйг ил болгох аж. “Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай хүртээмжтэй хангах талаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.11-т тусгасан. Үүний дагуу 400 сая ам.долларыг хэрхэн зарцуулж буйг нийтэд мэдээлэхийг шаардаж байна” гэж иргэдийн төлөөлөл хэлсэн. “Бид ирчихсэн юм чинь бусад нь хамаагүй гээд орхихыг хүсэхгүй байна. Эх орондоо арайхийн ирсэн, гадаадад байгаа иргэдийн зовлонг мэддэгийн хувьд ийм арга хэмжээг санаачиллаа” гэж тэд онцоллоо.

Бэлтгэсэн: М.Оч 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)