Гадаадад байгаа иргэдээ зөнд нь орхисон онцгой комисс

Унгарын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр болон докторын түвшинд нийт 78 оюутан сургуулиа амжилттай дүүргэжээ. Гэсэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол улс агаарын хилээ хааснаас улбаалан сургуулиа төгсч, зургаадугаар сараар тэтгэлэг нь зогссон тэдгээр оюутнууд нутаг буцаж чадахгүйд хүрээд байгаа юм. Монгол улсын засгийн газрын зүгээс гадаадад сурч, амьдарч буй иргэдээ татан авах ажлыг шат дараалалтай зохион байгуулж байгаа ч тусгай үүргийн нислэгт тавигдаж буй шаардлага, Европ тив рүү үйлдэж нислэгийн тоо хангалтгүй байгаагаас үүдэн оюутнууд “Гадаадад гацагсад”-ын эгнээнд шилжээд байна.

Унгарын тэтгэлийн хорооноос төгсөгчдөд цаашид үргэлжлүүлэн тэтгэлэг олгох, байр, эрүүл мэндийн даатгалаар хангах эрх зүйн боломжгүй гэдгийг албан ёсоор Монгол улсын Засгийн газарт мэдэгдэж албан бичиг хүргүүлжээ. Амьжиргааны эх үүсвэргүй, амьдрах байргүй,  оршин суух үнэмлэхийн хугацаа дуусч буй, дипломоо тэвэрсэн оюутнууд эрүүл мэндийн өндөр эрсдэл дунд өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж буй.

Унгар улсад эх орондоо нэн даруй буцах хүсэлтэй нийт 241 иргэн бий. Унгар дахь төгсөгчдийн зүгээс иргэдийг татан авах боломжтой гарцыг эрэлхийлэн Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комисст өөрсдийн санаачлагыг хүргүүлсэн байна.  Тус санаачлагад Унгарын үндэсний агаарын тээврийн компани болох Wizz Air болон Польш улсын LOT авиа компаниуд Монгол улс руу шууд нислэг үйлдэх боломжтой талаар дурьджээ. Тусгаарлах байрны хүрэлцээ дутмаг байгааг харгалзан үзэж, өөрсдийн байрлах байрны шийдлийг ч мөн тус санаачлагдаа илэрхийлсэн аж. Харамсалтай нь Улсын Онцгой комиссоос гадны онгоц хүлээж авахгүй гэсэн шалтгаанаар татгалзжээ.

Унгар улсын хувьд Европын бусад улстай харьцуулахад тархалтын тоо цөөн, зургадугаар сарын сүүлээр үндэсний өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцалж, хорио цээрийн дэглэмээ аажмаар сулруулсан. Одоогийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 4183 тохиолдол бүртгэгдсэн байна. Өдөрт 4-6 тохиолдол бүртгэгддэг ч аажмаар энэ тоо буурч байгаа гэнэ.  Тус улсын Засгийн газраас сайн арга хэмжээ авч байгаа учир тус улсад амьдарч буй хүмүүс вирус тээж ирэх магадлал харьцангуй бага гэдгийг онцлох нь зүйтэй.

Хүний нутагт гэр бүл, төрөл садан хайртай бүхнээсээ хол эх орондоо очиж ихийг бүтээх дэврүүн хүсэлтэй, дэлхийн боловсролтой боловсон хүчнээ эрүүл мэнд, санхүүгийн ноцтой эрсдэлд орохоос нь урьтан эгүүлэн авах тал дээр холбогдох байгууллагууд илүү дорвитой, шийдэмгий алхам хийх хэрэгтэй байгаа талаар Унгар улсад байгаа төгсөгч оюутнуудын төлөөлөл илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)