Гадаадад амьдардаг залуу зураачид цуглав

 “Шангри-Ла” зочид буудлын сүлжээ Монголд үүдээ нээгээд жил гаруй болжээ. Өнөөдөр тус зочид буудлын дэргэдэх “Шангри-Ла молл” худалдааны төв нээлтээ хийв. Тэнд уран зураг сонирхогчдын сайн мэдэх “Q” арт галерей ч салбараа нээжээ. Тус галерейн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ундар “Манай галерей 2012 оноос уран бүтээлчид болон уран зураг сонирхогчидтой хамтран ажиллаж буй. Зураач, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, тэднийг олон нийтэд танилцуулах, мөн хандив, сайн үйлсийн аян зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа бид “Шангри-Ла молл”-д галерейнхаа салбарыг нээлээ. Олон төрлийн үйлчилгээ цогцолсон энэ газарт уран зургийн галерей байх шаардлагатай гэж үзлээ” гэв.

“Q” галерей “Шангри-Ла молл” дахь салбартаа дэлгэсэн анхны үзэсгэлэндээ гадаадад амьдарч, уран бүтээлээ туурвидаг залуучуудыг онцолсон байна. Монгол гэдэг нэрээр овоглон олон оронд уран бүтээл туурвиж буй Б.Отгонтүвдэн, С.Заяасайхан, Х.Сүрэн, Б.Бат-Оргил, Г.Зазаа, Ш.Чимиддорж, Д.Одончимэг нарын 12 уран бүтээлчийн 30 орчим бүтээлийг энд дэлгэжээ. Орчин үеийн урлагтай хөл нийлүүлэн алхаж буй тэд абтракт, сюрралист, модерн чиглэлээр туурвисан бүтээлүүдээ үзэгчдэл барьжээ.

Тус галерей монгол туургатан зураач, уран бүтээлчдийн холбоо байгуулжээ. Уг холбоонд гадаадад урлаг соёлын аль ч чиглэлээр сурч, ажилладаг залуус нэгдэж болох гэнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй 12 бүтээлч ч уг холбооны гишүүд бөгөөд мөн “Art vision” уран бүтээлийн нэгдэл байгуулсан аж. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Төрийн шагналт, зураач С.Цогтбаяр “Орос, Хятад, Япон, Итали, Франц, Герман зэрэг улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй залуус энд бүтээлээ дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн, чөлөөт уулзалт нь энэ чиглэлээр Монголдоо сурдаг оюутнууд, залуу уран бүтээлчдэд хэрэгтэй мэдээллүүдийг өгч байна. Уран бүтээлч сэтгэлгээтэй манай залуус урлагийн олон чиглэлд хөл нийлүүлэн алхаж чадаж буйг эндээс харж болно. Монголын залуу уран бүтээлчид даяаршлыг уран бүтээлийнхээ чиг хандлагад хэрхэн шингээж, хувьсаж буйг ч харах боломжтой” гэв.

Эдгээр уран бүтээлч энэ өдөр мөн уран зураг сонирхогчидтой уулзалт хийж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Тэд дэлхийгээр тархсан монгол угсааны уран бүтээлчдийг нэгтгэж, Монголын урлагийг дэлхийд таниулах зорилгынхоо талаар, өөрсдийн ажилллаж, амьдарч буй улсын соёл, тэндхийн дүрслэх урлагийн хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)