Гавьяат тамирчин Б.Сэр-Одыг дэлхий үнэлэв

Монголын хөнгөн атлетикийн спортыг дэлхийд тахалж яваа Гавьяат тамирчин Б.Сэр-Од нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг олон улсын зургаан тэмцээн (Лондон, Нью-Йорк, Токио, Бостон, Берлин, Чикагогийн марафон)-д оролцсон манай цорын ганц марафонч юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAFF)-ноос түүний амжилтыг үнэлж, энэ сарын 25-нд Япон улсын Токио хотод болсон олон улсын марафонд хурд сорих үеэр дурсгалын зүйл гардуулжээ. 

Тэрбээр “Амжилтыг минь үнэлээд зогсохгүй тайзан дээр үг хэлэх боломж олгосонд баярлалаа. Ингэнэ гэж төсөөлсөнгүй. Гэнэт ингэж баярласандаа ч тэр үү, тулгамдаад, их догдолж байна. Ихэвчлэн Японд бэлтгэл хийдэг нь миний амжилтад их нөлөөлдөг. Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав. Б.Сэр-Од 100 гаруй мэргэжлийн тамирчин, 40 мянган сонирхогч оролцсон Токиогийн марафонд хоёр цаг, 15 минут, 17 секундийн амжилтаар 36 дугаар байрт шалгарсан юм. Мөн тус тэмцээний үеэр Японы тамирчин Шитара Юта хоёр цаг, зургаан минут, 11 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэхдээ 16 жил эвдэгдээгүй байсан Азийн дээд амжилтыг шинэчилжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)