Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн барилаа.

Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа Гаалийн тухай хуульд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцааж гаргах хугацаа нь барааг байршуулсан өдрөөс хойш нэг жилээс дээшгүй байх, уг хугацааг Гаалийн удирдах төв байгууллага зургаан cap хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болох, түр хугацаагаар байршуулсан бараа нь улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай бол гаалийн нутаг дэвсгэрт байлгах хугацааг дахин сунгах асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэх, энэ тохиолдолд барааг байлгах нийт хугацаа нь тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанаас хэтрэхээргүй байхаар хуульчилсан байдаг.
Хуулийн энэ зохицуулалтын дагуу сүүлийн үед газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүд хайгуулын ажилдаа ашиглах зорилгоор өртөг өндөртэй, олон тооны тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирж гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимоор байршуулан хугацааг нь олон удаа сунгуулах тохиолдол түгээмэл байгаа аж. Тухайлахад, 2007-2008 онд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд гаалийн нутаг дэвсгэрт ийм горимоор байршуулсан бараа, материалын хугацаагаа зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар олон удаа сунгуулснаас нийтдээ 30 гаруй тэрбум ам.долларын өртөгтэй бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн болон бусад татвараас чөлөөлсөн байна.
Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлд "энэ хуулийн 97.3-т заасан улсын чанартай төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засгийн газар батална" гэсэн хэсгийг нэмэх, түүнчлэн хуулийн 97.3 дахь хэсгийг өөрчлөн найруулахаар Засгийн газар ийм хуулийн төсөл санаачилсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)