ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГАД АВЛИГА ӨГӨХИЙГ ЗАВДЖЭЭ

Улаанбаатар хотын гаалийн газрын даргад авлига өгөхийг завдсан хүнийг АТГ-т шалгаж байна. Өнгөрсөн сарын сүүлчээр БНСУ-аас гахайны 16 тонн өөх оруулахыг завдсан хүнийг гаалийн байцаагчид илрүүлсэн аж. Зарим нэгний ярьж буйгаар хууль бус энэ хэргийг гаалийн байцаагчид мэдээгүй өнгөрсөн гэх юм. “Прогресс транс” дахь гаалийн хяналтын бүсэд бүрдүүлэлт хийлгээд бараагаа авч явах гэж байхад нь хууль бус гэдгийг нь илрүүлсэн аж.

Энэ ачаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн хоёр ч байцаагчийн тэмдгийг удирдлагууд нь хураан авсан гэнэ. Үүнтэй холбоотойгоор дээрх хэрэгт гаалийн байцаагчид холбоотой байж болзошгүй гэсэн яриа гарсан бололтой юм. Үнэн худлыг нь зохих байгууллагаас шалгах нь лавтай. Гахайны 16 тонн өөхөө хураалгасан тэр хүн Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбаттай уулзаж 20 сая төгрөг санал болгожээ.

Гаалийн газрын дарга энэ асуудлаар АТГ-т хандсанаар авлига өгөхийг завдсан хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хамгийн ноцтой нь БНСУ-д гахайны халдварт өвчин дэгдээд байх үед тус улсаас өөх оруулахыг завдсан байна. Түүнээс хойш ийм хэрэг нэг бус удаа гарчээ. Тухайлбал, энэ сарын эхээр “Улаанбаатар импэкс”-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байсан гахайны гурван тонн өөхийг гаальчид илрүүлсэн байна.


Д.ДАГВА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)